Онцгой байдлын алба хаагчид 2018 онд 4300 гаруй аюулт үзэгдэл, ослоос 1100 гаруй хүний амь насыг аварч, 41.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ. Онцгой байдлын алба хаагчид өнөөдөр /2018.12.28/ энэ жилийн ажлаа дүгнэж тайлагналаа.
ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 20 ХУВИАР ОЛГОНО
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаас энэ жил онцгой байдлынхны байгуулсан томоохон амжилтыг сонирхлоо.
Тэрбээр “Энэ зун, намрын улиралд хур элбэг байснаас зарим аймагт үер буусан. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Дорноговьд үер бууж, ихээхэн хэмжээний хохирол учирсан. Хохирлыг арилгахаар онцгой байдлын ажилчид ажилласан. Мөн төмөр замын осол гарсан нь маш том аюул болсон. Азаар ослоос үүдэн хүний амь нас эрсдээгүй.
Гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Засгийн газар, Шадар сайдын тушаалаар 20 гаруй дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эндээс онцолбол албан хаагчдынхаа нийгмийн балталгааг хангах үүднээс хоёр чухал шийдвэр гарсан. Үүний нэг нь, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 20 хувиар олгохоор болсон. Мөн албан хаагчдын зэрэг, зэргийн нэмэгдлийг хуульчилсан. Үүнд улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөг суусан.
Түүнчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж байгаа. Польш, Беларус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 70 гаруй тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийж байгаа. Ирэх онд гурван сая евро, Беларусын 15 сая еврогийн төсөл үргэлжилнэ. Төслийн үр дүнд техник тоног төхөөрөмжийн 60-75 хувийн хангалттай болно гэсэн урьдчилсан тооцоолол байна.
Мөн өнөөдөр манай салбараас зургаа дахь Гавьяат төрсөнд бид бүхэн бахархаж байна” гэлээ.
Ж.БАЯРТОГТОХ НЬ ХӨВСГӨЛ ДАЛАЙД ЖИВСЭН 10 ТОНН ШАТАХУУН АЧСАН АВТОМАШИНЫГ 50 МЕТРИЙН ГҮНД ШУМБАН ГАРГАЖЭЭ
Энэ өдөр аврагч Ж.Баяртогтох нь “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм. Ингэснээр онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан зургаа дах гавьяат ажилтан буюу энгийн аврагчаас төрсөн анхны залуу гавьяат болж байгаагаараа онцлог юм.
Шинэхэн гавьяат Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагад 13 дах жилдээ ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10 тонн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргаж, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцжээ.
Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамигийн дараах сэргээн босгол, Африкийн Өмнөд Суданд Энхийг дэмжих ажиллагаа, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж байжээ.