Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ардын жүжигчин агсан Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж буй. Тэрбээр өвлийн өвөө хэмээх хүндтэй, эрхэм ажлыг 2004 оноос хойш 14 дахь жилдээ хийж байгаа юм.
Анх өвлийн өвөө болооч гэх санал ирэхэд нь гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бэргэшээж, татгалзжээ. Учир нь түүнийг 41 настай байхад нь дээрх саналыг тавьсан бөгөөд “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгчээ.
Харин түүний хань жүжигчин Г.Уранчимэг “Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн “Өвлийн өвгөн”-ий дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй аз завшаан” хэмээн хэлж, ятгаснаар маргааш нь Г.Гомбосүрэн агсны гэрт нь хадаг барин очиж, өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг авч байжээ.
Тэрбээр Өвлийн өвөө болоод 14 жил болоход ердөө таван удаа л гэрийнхэнтэйгээ он гаргах мөчид хамт байсан аж. Бусад үед дандаа л талбай дээр шинэ оноо угтжээ. Энэ жил ч гэсэн өвлийн өвөө маань талбай дээр Монголын ард түмэнтэйгээ хамт шинэ оноо угтана.
Дашрамд сонирхуулахад, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвөөд тохиолдсон хөгжилтэй нэгэн явдлаасаа хуваалцжээ. “Манай гэр бүл, хамаатан садангуудын дунд уламжлал болоод ирсэн нэг зүйл байдаг. Өвлийн өвгөн энэ ондоо багтаж бэлгээ өгч чаддаггүй учраас нэгдүгээр сарын 1-нд ахындаа цугларч хүүхдүүдээ баярлуулдаг юм. Багачууд Жагаа ах өвлийн өвгөн болчихлоо гэж мэддэггүй. Харин томчууд нь мэдчихээд жуумалзаад байдаг юм. Би бэлгээ тарааж дуусчхаад хувцсаа солиод гараад иртэл манай дүүгийн хүүхэд Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа гэж биднийг инээлгэж билээ. Хүүхдүүд бол өвлийн өвгөн байдагт итгэдэг. Би ч бас итгэдэг. Өвлийн өвгөний ажлыг хийгээд явж байхад шинэ жилийн баярт уригдсан 80 настай буурай, ахмадууд бэлэг авч өвөөдөө үнсүүлээд хөгжилддөг. Тэд намайг гэдгийг мэдсэн ч гэсэн зүрх сэтгэлдээ өвлийн өвгөнийг төсөөлж, амьдруулж байна шүү дээ” хэмээжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ