УИХ-ын чуулган өнөөдөр /2018.12.28/ хуваарийн дагуу 10.00 цагт хуралдахаар товлогдсон байсан. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд 68 гишүүн ирэх ёстойгоос 11.00 цагийн байдлаар 35 гишүүн ирж ирц 46.7 хувьтай байсан ч ирц бүрдэхийг нэг цаг хүлээгээд оны отгон чуулганы нэгдсэн хуралдааныг цуцаллаа.
Ийнхүү УИХ-ын чуулган найм дахь удаагаа хойшилж, товлогдсон асуудлаа хэлэлцэж чадахгүй байсаар дөрвөн долоо хоногийн ардаа үдлээ. МАН-ын 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд мөн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан юм. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй гишүүдийн шаардлагад огцрох үндэслэл болон тавьж буй шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа гэдгийг байнгын хорооны дарга хэлж байсан юм. Ийнхүү МАН-ын талцал, хуваагдлаас болж хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацсаар шинэ онцтой золгож байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ