Улаанбаатарынх нь утаа амьсгалах аргагүй бохирдож, ханиад томуу туссан хүүхдүүд эмнэлгээр нэг “хахаж” байхад эрх баригчид өөрөө өөрсдийнхөө эсрэг жагсав. Ардчиллын болоод амьд явах эрхийнхээ төлөө биш Ж.Батзандангийн ахыг ажилтай болгож, Л.Болдын банкийг томруулж, Л.Оюун-Эрдэнийн ЖДҮ-г мартуулахын төлөө жагссан нь хамгийн гунигтай байлаа.
М.Энхболдыг огцруулчихвал утаа нь багасаад, ард иргэдийн амьдрал сайжирдагсан бол мянган удаа жагссан ч яахав. Гэвч, хэзээ ч ийм сайхан зүйл болохгүй бөгөөд “М.Энхболдыг огцруулъя” хэмээн хашгирч байгаа иргэдийг ашиглаж буй эзний гол зорилго бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олж авах авторитор дэглэм. Жагсаалд гучин мянган хүн ирсэн үү, гурван мянган хүн байсан уу гэдэг дээр маргалдаж, мэтгэлцэх нь илүүц. Гол нь өнөөдөр Монголын төр хийгээд үндэсний аюулгүй байдал, ардчилалд хэдийнэ аюул заналхийлээд эхэлснийг мөнгө улаан нүд цагаан болсон бүлгэмүүд, "монгол ялна"-чууд олж хартлаа өдий биз. Өнөөдөртөө тэд жагсч, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байгаа нь харин яамай даа.
Ардчилал, эрх чөлөөт нийгмийн буянаар тэд өнөөдөр М.Энхболдын зурагт хуудас руу нулимаад, гишгээд, хараагаад зогсч байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ өнөөдөр хангалттай эдэлж буй монголчууд, хэрэвзээ маргааш хэн нэгэн хүсч буй эрх мэдэлдээ хүрвэл түүний эсрэг жагсах бүү хэл үг хэлэх эрхээ ч алдаж мэдэх тийм нийгэм бий болно. Чухам энэ л бидний хувьд чухал хийгээд гол асуудал юм.
Учир нь, эсрэг бодолтой байсныхаа төлөө дэд сайд Б.Энхбаяр Монголын төрөөс хөөгдөж байгаа бол эсрэг үг хэлснийхээ төлөө амьд явах, амьдрах эрхгүй болж мэдэх дэглэмийг, дарангуйлагчийг монголчууд ингэтлээ хүсээ гэж үү?
Тиймээс л хэн ч бай Үндсэн хуулийн хүрээнд жагсч, Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж, Үндсэн хуулийн хүрээнд л улстөржих учиртай. Түүх шоглоомтой, өнөөдөр У.Хүрэлсүх Үндсэн хуулийн бус зарчмаар М.Энхболдыг огцруулбал, өөрийг нь ч яг тийм аргаар хэн нэгэн унагана. Үүнээс хамгаалахын тулд У.Хүрэлсүхийн хийгээд байгаа улс төр Үндсэн хуулийн зарчмаас давах ёсгүй юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиар Монгол ардын нам үнэмлэхүй олонх буюу 65 суудал авсан. Харамсалтай нь, дараагийн сонгууль болоход жил зургаахан сарын хугацаа үлдэж байхад МАН эмхэндээ орсонгүй, эвээ ч олсонгүй. Хоёр ордны дундах тэдний эрх мэдлийн хэрүүл бүр гудамжинд гарч байна.
Засгийн газар нь танхимынхаа гурван сайдын асуудлыг УИХ-д оруулж чадахгүй, УИХ нь хуралдаж чадахгүйд хүрсэн МАН хүзүүндээ олс зүүжээ. Энэ олс нь дүүжлүүрийнх болох эсэх нь МАН-ын хувьд цаг хугацааных болов. Жаран тавуулаа эрх мэдэлд хүрчихээд засаглаж чадахгүй байгаа бол УИХ-аа тараагаад, нэг мөр гудамжиндаа гарч улс төрөө хий, МАН-ынхан. Улс төр чинь олдож, улс орон маань өлдөж байна!
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ