Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Хүлцэл өчье

Улстөрчийн худал мэдэгдлээс болж нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдаж, эцэстээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч буруудан, хариуцлага үүрдэг жишиг тогтож болзошгүй байна. "Глоб интернэшнл төв" ТББ-аас гаргасан судалгаагаар Зөрчлийн хуулиар 180 гаруй сэтгүүлч хуулийнханд дуудагджээ.

Тэдний хэд нь улстөрчийн баталгаа нотолгоогүй мэдээллээс болж, “шүүгдэх”-дээ тулсан нь тодорхойгүй ч хамгийн сүүлийн жишээ бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар алт ухдаг. Дүү нар нь хууль бусаар алт ухдаг” гэх үгийг чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгээс улбаатайгаар ташаа мэдээлэл цацагдсан явдал юм. Тэрбээр энэхүү мэдэгдлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Түүний энэхүү мэдэгдлийг олон нийт үнэн зөв, бодитой мэдээлэл л гэж хүлээн авсан.

“Ньюс” агентлагийн сэтгүүлч Г.Хорол мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг үнэн баттай зүйл ярьж байгаа гэж итгэж үнэмшин, энэ дагуу нь МАН-ын "нинжа" нэртэй мэдээ бэлтгэсэн нь ташаа болж таарсан. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэр хүндэд халдаж, ташаа мэдээ олон нийтэд цацсандаа албан ёсоор уучлал гуйж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний хэлсэн үгний төлөө туслахыг минь зодож хүндээр гэмтээлээ” гэх сенсацыг өнгөрсөн арваннэгдүгээр сард дэгдээж байв. Гэтэл туслах нь үеэлдээ зодуулсан нь тодорхой болж, улс төрийн өс хонзон авах сэдэл байгаагүй хэмээн цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Сүхбаатарын талбайд өчигдөр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" жагсаал болох үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан “Өнөөдрийн жагсаалд "ЖДҮ-чид зайл", "ЖДҮ-чдэд хариуцлага тооцъё" гэсэн лоозон барьж жагссан Аминбөх, Сажаа, Багабанди гэдэг гурван хүнийг Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилж байцаалт авч байна гэсэн мэдээлэл ирлээ. Эрх баригч нам, ЗГ ингэж аархах уу, энэ ардчилалуу? Ариун явдал уу??” гэж жиргэсэн. Энэ жиргээнийх нь дагуу цагдаагийн газраас тодруулахад “Хэнийг ч баривчлаагүй” гэдэг тайлбар хийсэн.

Улстөрчдийн цацсан буруу ташаа мэдээллээс болж, нийгэмд цуу яриа тархах аюултайгаас гадна бусдын нэр хүндэд халддаг буруу жишиг тогтох нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж