Оросын интернэтийн хайлтын "Яндекс" компани мессенжерийн Telegram компанийн албан ёсны сайтыг хайлтаар гаргаж ирэхгүй болгон хаслаа.
“Яндекс”-аар одоо "Telegram" гэж бичин хайлт хийвэл tlgrm.ru гэсэн сайт илэрцээр гарч ирэх ажээ. Гэхдээ Google-ээр дамжин хайлт хийвэл Telegram-ийн албан ёсны сайт гарч ирэх юм.
Энэ 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар Telegram-ийг Оросын нутаг дэвсгэрээс хандах аргагүй болгож блоколсон. Telegram компани одоогоос бараг жилийн өмнөөс мессенжер үйлчилгээний хэрэглэгчдийн нууцлалын асуудлаас үүдэн Оросын Засгийн газартай санал зөрөлдөөнтэй байсан юм. Оросын шүүхийн зүгээс тус компанийн зарим хэрэглэгчдийн IP хаяг болон, утасны дугаарыг өгөхийг шаардсан боловч татгалзсан юм. Оросын шүүх эдгээр хэрэглэгчийг терроризмтэй холбоотой гэж үзсэн юм.
Хэдийгээр блоколсон байгаа ч Оросын олон хэрэглэгч Telegram-ийг хэрэглэсээр байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ