АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар зул сарын баяраар Ирак дахь АНУ-ын цэргийн баазад айлчилж, цэргүүдтэйгээ уулзсан. Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш дайн, мөргөлдөөнтэй бүс нутагт очсон анхны тохиолдол энэ юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойгоор Францад айлчлах үедээ Д.Трамп ширүүн бороо орж байна гэх шалтгаанаар дайнд амиа алдсан АНУ-ын цэргүүдийн бунханд очиж, хүндэтгэл үзүүлээгүй нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байсны дараа тэрбээр тун удахгүй дайн байлдааны халуун цэгт айлчилна хэмээн ам гараад байжээ.
Д.Трамп тэргүүтэй айлчлалын багийнхан зул сарын орой АНУ-аас хөөрч, шөнө нь Иракт газарджээ. Тэд Иракийн Аль-Асад дахь АНУ-ын агаарын цэргийн баазад гурван цаг орчим хугацааг өнгөрүүлснийхээ дараа нийслэл Багдадад сааталгүйгээр шууд буцсан байна. Аль-Асад дахь цэргийн бааз нь нийслэл Багдад хотоос 200 километрийн зайтай газар байрладаг. Айлчлалынхаа үеэр Д.Трамп Иракийн Ерөнхий сайд Адиль Абдул Махдитай уулзахаар төлөвлөж байсан ч тэрбээр хүсэлтийг нь хүлээн аваагүй тул цэргүүдтэйгээ мэндчилж, оройн зоог бариад л буцжээ. Харин дараа нь Д.Трамп Иракийн Ерөнхий сайдтай утсаар ярьж, шинэ он гарсны дараа Вашингтонд айлчлахыг урьсанд “зөвшөөрсөн” гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч зул сарын өмнөхөн Сири дэх “Исламын улс” бүлэглэлийг ялснаа тунхаглаж, тус улсаас цэргүүдээ гаргахаар шийдвэрлээд байсан билээ. Түүгээр ч зогсохгүй Афганистан дахь АНУ-ын 7000 орчим цэргийг ойрын хугацаанд гаргахаар болсон юм. Д.Трампын цэрэг татах шийдвэрүүд олон хүний эсэргүүцэлтэй тулсны дотор Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис байсан бөгөөд тэрбээр энэ ондоо багтаан ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул ойрх дорнодоос цэргүүдийг татах ажлыг шинээр томилогдох сайд Патрик Шамахан гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад Патрик Шамаханыг цэрэг, батлан хамгаалах, гадаад бодлогын салбарт ямар ч туршлагагүй хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Одоогоор БХЯ-ны дэд сайдын албан тушаалыг хашиж байгаа тэрбээр ажлын карьерынхаа ихэнх хугацааг нисэх онгоц үйлдвэрлэлийн "Боинг" компанид өнгөрүүлсэн бөгөөд Д.Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас ч төрийн албанд хүчин зүтгэх болсон байна.
Трамп Иракаас цэргээ татах бодолгүй байгаа бөгөөд Сири, Афганистанаас цэргүүдээ татсан ч тус улс нь АНУ-ын цэргийн чухал бааз суурь хэвээр байна гэв.
Д.Трампын Иракт хийх айлчлалын тухай хэн ч мэдээгүй бөгөөд байлдааны халуун цэгт очих түүний айлчлалыг маш нууц түвшинд бэлтгэжээ. Мөн айлчлалын багт орох сэтгүүлчдэд энэ тухай урьдчилан олон нийтэд мэдээлэхийг хоригложээ. Түүний айлчлалын гол зорилго нь гэр бүлийнхэнтэйгээ зул сарын баярыг хамт тэмдэглэж чадаагүй, гадаад улс оронд ажиллаж байгаа цэргүүддээ зул сарын мэндчилгээ дэвшүүлэх байсан аж. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар цэргүүдтэйгээ зул сарын оройн зоогийг хамтдаа барьсан байна.
Өдгөө Иракт АНУ-ын 5000 цэргүүд байгаа бөгөөд тэдний гол зорилго нь Иракийн Засгийн газрын хүчинд дэмжлэг үзүүлэн “Исламын улс” бүлэглэлтэй хамтран тэмцэх явдал юм. Анх бага Буш Ерөнхийлөгч байх үедээ 2003 онд Иракт айлчилж байсан бол Барак Обама 2009 онд, мөн тэрбээр Афганистанд нийт дөрвөн удаа айлчилж байсан билээ. Жорж Буш Ерөнхийлөгчийн үед АНУ Иракт 166 мянган цэргээ оруулж байжээ.
Айлчлалын үеэрээ Д.Трамп “АНУ дэлхийн цагдаагийн үүргийг дахин гүйцэтгэхгүй. Манай цэргүүд дэлхийн хаа сайгүй байрлаж байна. Бид зөвхөн ойрх дорнодод гэхэд жилд долоон триллион ам.долларыг үрж байна. Хүмүүсийн огт мэдэхгүй орнуудад ч манай цэргүүд байлдаж байгаа нь утгагүй хэрэг” хэмээн хэлсэн нь олон улсын анхаарлын төвд байгаа юм. Тэрбээр Иракаас олон цэргээ татсан өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилж, үүнээс болж “Исламын улс” бүлэглэл хүчирхэгжин, их хэмжээний хохирол учруулсан гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй айлчлалын багийнхан Иракаас буцах замдаа Герман дахь “Раммштайн” цэргийн баазад түр саатсан байна. Тэнд алба хааж буй АНУ-ын цэргүүдтэйгээ мэндчилж, генералуудтайгаа товч уулзалт хийжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ