МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа. Сонгуулийн тухай хуулиудын төсөл боловсруулагдаж буй энэ цаг үед тэрбээр 1993 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж тэгш, нийтээрээ, чөлөөтэй сонгох эрх яагаад зөрчигдөж буй талаарх судалгаагаа танилцуулж илтгэл хэлэлцүүлэхэд нь уулзав. Бидний яриа УИХ-ын сонгуулиар иргэний тэгш сонгогдох эрх хэрхэн зөрчигдөж ирсэн, мөн гадаадад амьдардаг монголчуудын саналаа өгөх эрхийг хэрхэн хязгаарласан бэ гэдэг асуултуудыг хөндлөө.
-Та илтгэлдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж, 25 жилийн турш сонгогчдын тэгш сонгох эрх хангагдахгүй явж ирсэн тухай та хэллээ. Яг ямар шийдвэр нь ийм алдаанд хүргэв?
-1993 онд Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нар 1992 оны УИХ-ын сонгуулийн тухай хууль тэгш сонгох эрх, чөлөөтэй сонгох эрх, нийтээрээ сонгох эрхийг зөрчсөн гэсэн өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд тус тус гаргасан боловч Цэцээс эдгээр гурван эрхийг хамгаалахаас татгалзсан юм. Энэ дүгнэлт бол хууль зүйн шинжлэх ухааны хувьд маш эргэлзээтэй, үндэслэл муутай шийдвэр байсан. Одоо ч зөрчигдсөн хэвээр байгаа гэдгээр нь тэгш болон нийтээрээ сонгох эрх дээр төвлөрч яръя.
Монгол Улсын Үндсэн хууль тэгш сонгох эрхийг хамгаалаагүй гэж Цэц шийдсэний улмаас УИХ-ын сонгуулиар иргэний тэгш сонгох эрх удаа дараа зөрчигдөхөд хүрсэн. Тэгш сонгох эрхийн эхний утга бол хүн бүр адил тооны санал өгөх явдал юм. Хоёр дахь утга нь сонгогч болгоны өгч байгаа саналын жин нь ойролцоо байх ёстой. Гэтэл, Цэцийн энэ шийдвэрээс болж иргэдийн нэг хэсэг нь нэг нэг санал, нөгөө хэсэг нь хэд хэдэн санал өгөх тохиолдол нээлттэй болсон. Мөн иргэдийн саналын жин ойролцоогоор тэгш байх эсэх нь УИХ-ын үзэмжийн асуудал болж хувирсан.
1990-ээд онд Улаанбаатар хот руу орон нутгаас иргэд их хэмжээгээр шилжсэн ч үүнтэй уялдуулан сонгуулийн тойргийг дахин хуваарилаагүйгээс Улаанбаатарын нийт сонгогчдын саналын нөлөө парламентыг бүрдүүлэхэд бүрэн тусгагдахгүй байна. 2000 оноос хойших сонгуулиудад энэ алдаа газар авсан. Жишээлбэл, 2016 онд Улаанбаатар болон орон нутагт мандат хуваарилахдаа 2004 оны нэг мандаттай тойргийн хуваарилалтын хэт тэгш бус байдлыг багасгасан боловч харьцангуй тэгш байдалд бүрэн хүргэж чадаагүй. 2016 онд Улаанбаатарт нийт сонгогчдын 44 хувь байсан боловч нийт 76 мандатын 28 буюу 37 хувийг сонгосон. Улаанбаатар хотын нэг мандат дунджаар 30,136 сонгогчийг төлөөлж байсан бол орон нутгийн нэг мандат дунджаар 22,233 сонгогчийг төлөөлж байсан. Улаанбаатар хотын нэг мандат ногдох саналын дундаж тоо (30,136) нь нийт сонгогчдын саналын дундаж тоо (25,145)-оос бараг 20 (19.8) хувиар илүү байсан. Улаанбаатарын болон орон нутгийн тойргууд дээр зарим ноцтой зөрүү гарсан байдаг. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймгийн 34-р тойргийн нийт сонгогчид нь 14 мянга байсан ч нэг гишүүнийг сонгосон. Улаанбаатар хотын 63-р тойргийн нийт сонгогчид нь 41 мянга байсан ч мөн нэг л гишүүн сонгосон. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн нэг сонгогчийн саналын жин Улаанбаатар хотын энэ тойргийн гурван сонгогчийн саналтай тэнцэж байна.
Венецийн комисс гэдэг Үндсэн хууль судалдаг олон улсын байгууллагын зөвлөмжөөр нийт сонгогчдыг мандатын тоонд (76-д) хувааж гарсан дундаж дүнтэй ойролцоо байдлаар тойргуудынхаа сонгогчдыг хуваарилах хэрэгтэй. Улсын дунджаас тойргийн сонгогчийн тооны зөрүү 10 хувь дотор байх ёстой боловч цөөнхийн оролцоог хангах зайлшгүй тохиолдолд энэ зөрүү 15 хувьд хүрэхийг зөвшөөрдөг. Гэтэл 2016 оны сонгуулийн 76 тойргийн 50-д нь улсын дунджаас 15 хувиас дээгүүр зөрүү гарч иргэдийн саналын жингийн тэнцвэр алдагдсан. Энэ мэт ноцтой үр дагавар бол Цэцийн дээрх шийдвэрээс болж бий болсон. УИХ тэгш сонгох эрхийг хуулиар хамгаалаагүй эсхүл энэ эрхийг зөрчсөн ч гэсэн Үндсэн хуулийг зөрчсөнд тооцогдохгүй болсон гэсэн үг.
-Цэц тэгш сонгох эрхийг Үндсэн хууль хамгаалаагүй гэж шийдвэрлэхдээ ямар үндэслэл хэлсэн байдаг юм бол?
-Цэц тэгш сонгох эрх Үндсэн хуулиар хамгаалагдаагүй гэж үзсэн учраас энэ эрх ямар агуулгатай талаар юу ч бичээгүй. Гэхдээ, Цэц хоёр төрлийн үндэслэлийг товч дурдсан ч эдгээрийг нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй. Юуны өмнө, Үндсэн хуулийн 21-р зүйлд “сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлан заагаагүй” гэсэн үндэслэл гаргасан. Цэц 21-р зүйл дэх “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн заалтыг үгчилж уншсан бөгөөд уг зүйлд “тэгш” гэсэн үг байхгүй учраас Үндсэн хуулиар тэгш сонгох эрх хамгаалагдаагүй хэмээсэн бололтой. Гэвч, үгчлэн тайлбарлах нь Үндсэн хуулийг тайлбарлах хамгийн сайн арга биш төдийгүй Цэц үгчлэн тайлбарлах аргадаа үнэнч бус байсан. Учир нь, өргөдөл гаргагч Ө.Сэргэлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийн 25-р зүйлд тэгш сонгох эрхийг тодорхой заасан бөгөөд Үндсэн хуулийн 10-р зүйлээр Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүрээлсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй учраас тэгш сонгох эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан хэмээсэн ч Цэц энийг авч хэлэлцээгүй зүгээр л орхисон. Цэц тэгш сонгох эрхийг хамгаалах агуулгатай ийм илэрхий заалтуудыг үл тоосон учраас үгчлэн тайлбарлах аргаа ч энэ хэрэг дээр тууштай баримтлаагүй. Энэ чухал үндэслэлийн талаар ямар ч үндэслэл бичээгүй нь дур зоргын шинжтэй байсан. Цэцийн гишүүд ер нь ихэнх шийдвэртээ үндэслэлээ бичдэггүй болохоор тэднийг Үндсэн хуульд захирагдахгүй, өөр юманд захирагдаад байна, улс төрийн явцуу сонирхолд үйлчилж захиалгаар маргаан шийдвэрлэж байна гэж харддаг. Ингэж хардаж буйг буруутгахын аргагүй. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг билүү.
-Тэгш сонгох эрхийг хамгаалахаас татгалзсан Цэцийн хоёрдугаар үндэслэл нь юу байсан бэ?
– 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан “Ардын Их Хурлын хуралдааны удаа дараагийн протоколд сонгуулийн тэгш эрхийн зарчмын талаар ямар нэгэн санал гараагүй байна” гэж Цэц дүгнэлтдээ бичсэн ч энэ нь үндэслэл муутай. Улсын Бага Хуралд өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн 21.2 А болон Б хувилбартай байсан бөгөөд Б хувилбарт нь “тэгш” сонгох эрхийг нэрлэн заасан байв. 1991.10.15-ны өдөр Улсын бага хурал /УБХ/ дээр тэгш сонгох эрхийг хасах тухай санал гарч, гурван удаа санал хураасан ч хасах санал олонхоор дэмжигдээгүй юм билээ. УБХ Үндсэн хуулийн төслөөс тэгш сонгох эрхийг хасаагүй боловч АИХ-д өргөн баригдсан Үндсэн хуулийн төслийн 21.2-т тэгш гэдэг үг хасагдсан байсан нь хачирхалтай. АИХ дээр Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг үзэхэд тэгш сонгох эрхийн талаар ямар нэгэн санал гараагүй, хэлэлцээгүй, санал хураалт явуулаагүй нь үнэн боловч энэ нь АИХ тэгш сонгох эрхийг Үндсэн хуулиар хамгаалахаас татгалзсан гэсэн үг биш юм. Учир нь хэдийгээр АИХ Үндсэн хуулийн 21-р зүйлд тэгш сонгох эрхийг нэрлэн заагаагүй боловч тэгш сонгох эрхийг багтаах хэд хэдэн заалтыг Үндсэн хуульд тусгасан юм.
-Тэгш сонгох эрх яагаад Үндсэн хуулиар хамгаалагдсан гэж үзэж байна вэ?
-Өргөдөл гаргагч Ө.Сэргэлэн Үндсэн хууль дахь тэгш эрхэд тэгш сонгох эрх багтсан гэсэн санааг хэлсэн ч Цэц үүнийг мөн л үл тоосон. Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчид тэгш бус сонгох эрхийг буруушаахуйц зарчмуудыг Үндсэн хуульд ил тод бичсэн. 1990 оны ардчилсан хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийн нэг гол зорилго бол 1990 оноос өмнөх хуурмаг сонгуулийг эцэс болгоё, төрийн эрх мэдлийн эх сурвалж нь жинхэнээсээ ард түмэн байя гэх санаа. Социализмын үеийнх шиг иргэдийгээ жинхэнэ ард болон бусад хэмээн хувааж, жинхэнэ ардад багтахгүй хар, шар феодалыг устгах, ялгаварлан гадуурхаж байсныг халъя гэсэн. 1992 оны Үндсэн хуульд хүн бүрийг тэгш эрхтэй гэж тунхагласан нь Монголын түүх дэх анхны тохиолдол. Аль нэг сонгуулийн тойрогт харьяалагдаж байгаа төдий шалтгаанаар бусад сонгогчоос илүү бага жинтэй санал өгөх нь ямар ч хууль ёсны зорилгод үйлчлэхгүй бөгөөд дур зоргын шинжтэй тул Үндсэн хуулийн 1.2, 14.1, 14.2-д байгаа тэгш эрх болон ялгаварлан гадуурхалаас ангид байх эрх, үүний илэрхийлэл болсон тэгш сонгох эрхийг зөрчдөг. Үндсэн хуульд “тэгш сонгох эрх” (үгчилсэн тайлбар) гэж бичсэн эсхүл Үндсэн хууль тогтоогчид ийм эрх байгаа гэж тухайн үед үзэж байсан (угчилсан тайлбар) эсэхээс үл хамааран хот, хөдөөгийн эсхүл тойргуудын сонгогчийн санал ойролцоогоор адил жинтэй биш бол тэгш эрх зөрчигддөг. Тиймээс УИХ тэгш сонгох эрхийг хамгаалах Үндсэн хуулийн үүрэгтэй.
-Үүнээс өөр үндэслэл танд байна уу?
-Цэц олон улсын гэрээ дэх тэгш сонгох эрхийг хамгаалахаас татгалзсанаараа зарчимч бус байдал гаргасан юм. Өөрөөр шийдвэрлэх үндэслэл байгааг хангалттай тайлбарлаж бичсэнээс бусад тохиолдолд Цэц урьдын шийдвэртээ хүлээн зөвшөөрсөн зарчмыг дараагийн адил маргаанд баримтлахыг Үндсэн хуулийн 14.1-д буй “хууль, шүүхийн өмнө” тэгш бах эрх шаарддаг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийг зөрчсөн хууль болон бусад шийдвэрийг хүчингүй болгох зарчмыг тогтоосон шинэхэн жишгээ Цэц зөрчсөн юм. Жишээлбэл, Цэц иргэний өргөдлөөр АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрмийн 9-р зүйл “ажил хаяхыг хориглосон субъектүүдийг хэт өргөтгөсөн” учраас Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8.2-т буй ажил хаях эрхийг хэт өргөжүүлэн хязгаарласан, улмаар Үндсэн хуулийн 10.3-ын “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг зөрчсөн гэж 1993.04.21-нд шийдвэрлэсэн. Цэцийн энэ шийдвэр ажил хаях эрх Үндсэн хуульд үгчлэн заагдаагүй боловч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд тусгагдсан эрх учраас энэ эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан бөгөөд түүнийг зөрчсөн хууль, бусад шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэсэн жишгийг тогтоосон. Үүнээс хойш наймхан сарын дараа Ө.Сэргэлэн нарын өргөдлийг шийдвэрлэхдээ Цэц Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан тэгш сонгох эрхийг хамгаалахаас татгалзсанаараа Үндсэн хуулийн 10-р зүйлийг үл тоож, уг зүйлийг хэрэглэж тогтоосон жишгээ ямар ч үндэслэл хэлэлгүйгээр зөрчсөн.
-Иргэд тэгш сонгох эрхийн зөрчлийн талаар Цэцэд дахин гомдол гаргаж байсан тохиолдол бий юу?
-1993 оноос хойш тэгш сонгох эрх зөрчигдсөн тухай мэдээллийг иргэд 2007-2008 онд гурван удаа гаргаж, Үндсэн хуулийн буруу тайлбараа засахыг Цэцээс хүссэн ч амжилт олоогүй. Иргэний мэдээлэлд буй үндэслэлүүд тэгш эрх болон олон улсын пактад заасан тэгш сонгох эрхийн заалтад тулгуурласан ч Цэц хүлээж авалгүй, өөрийн үгчилсэн, угчилсан тайлбаруудыг давтаж, маргаан үүсгэхээс татгалзсан. 1991.10.15-ны өдрийн хуралдаан дээр УБХ-ын зарим гишүүд болон тухайн үеийн Хууль зүйн сайд Ж.Амарсанаа тэгш сонгох гэдэг нь сонгуулийн тойрогт хүн амын тоог яг тэнцүү хуваах агуулгатай тул хэрэгжих боломжгүй гэж ташаа ойлгосон учраас уг эрхийг хасах санал гаргаж байсан байдаг. Энэ үед Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш ч ийн ойлгож хасахыг дэмжсэн үг хэлжээ. Гэвч тэрбээр 2008 онд бичсэн Сонгуульд суралцахуй номондоо Үндсэн хуулийн 1.2, 14.1-д буй тэгш эрх нь тэгш сонгох эрхийг багтаадаг гэсэн тайлбар хийсэн байдаг. Б.Чимид багш Үндсэн хуулиа байнга уйгагүй судалж, өмнөх байр суурь нь алдаатай гэх үндэслэл байвал засаж зөвтгөөд явдаг байсан нь түүнийг ямар мундаг эрдэмтэн байсныг илтгэдэг. Харамсалтай нь, Цэцийн гишүүдийн олонх Б.Чимид багш шиг Үндсэн хуулийн үзэл санааг ташаа ойлгож байснаа хүлээн зөвшөөрч засахгүй байгаагаас үндсэн хуулийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй овоорч, Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх яриа гарахад хүргэж байна. Хөдөөнөөс хот руу хүн ам эрчимтэй шилжиж байгаа өнөө үед 1993, 2007, 2008 оны Цэцийн шийдвэрүүд тэгш сонгох эрхийг хамгаалаагүйн үр дагавар болж уг эрх зөрчигдсөөр байна.
– Бусад ардчилсан улсын сайн туршлага юу вэ?
-Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм биш” гэж онож хэлсэн байдаг. Үндсэн хууль бол үзэл санааны баримт бичиг юм. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийддэг шүүхүүд нь Үндсэн хууль дахь үндсэн эрхийг заалтуудыг үзэл санаа хэмээн үзэж хөгжүүлж ирсэн олон жишээ бий. Үндсэн хууль батлах үед эсхүл түүний дараахан тухайн үзэл санааг нэг янзаар ойлгож байгаад хожим тухайн ойлголт нь алдаатай байжээ гэх үндэслэл хангалттай гарч ирвэл тэр алдаатай ойлголтоо засаад шийдээд явсан байдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хууль тогтоох байгууллага болон Төлөөлөгчдийн танхимын сонгууль явуулах тойргуудын хүн ам ихээхэн зөрөөтэй байсан ч АНУ-ын Дээд шүүх үүнийг “улс төрийн асуудал” учраас шүүхээр шийдвэрлэж болохгүй гэж үзэж байв. Гэвч энэхүү гаж хуваарилалт тэгш хамгаалуулах эрхийг зөрчсөн эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж 1962 онд шийдэж, АНУ дахь тэгш сонгох эрхийн төлөө шинэчлэлийн суурийг тавьжээ. 1963 онд анх “нэг сонгогч, нэг санал” зарчмыг тунхаглаж хэрэглэсэн юм. АНУ-ын Үндсэн хуульд тэгш сонгох эрх гэсэн нэр томьёо байхгүй боловч Үндсэн хуулийн 14-р Нэмэлт дэх хуулиар тэгш хамгаалуулах эрхийн хүрээнд тэгш сонгох эрх (тэгш төлөөлөл) багтсан учраас сонгуулийн тойргууд дахь хүн амын тэгш бус хуваарилалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн АНУ-ын Дээд шүүх шийдвэрлэж ирсэн байдаг. Хэн нэгэн ердөө орон нутагт эсхүл хамгийн жижиг тойрогт амьдарч байгаа гэдгээрээ сонгуульд өөр нэгэн сонгогчийн саналаас хоёр эсхүл 10 дахин илүү хүчтэй санал өгдөг байх нь сонгогч бүр тэгш саналтай байхыг үгүйсгэдэг гэсэн.
Японы Үндсэн хуульд “тэгш сонгох эрх” гэсэн нэр томьёо мөн байхгүй боловч тус улсын Дээд шүүх Үндсэн хуулийн 14, 15, 44-р зүйлүүд дэх “хуулийн дор тэгш байх,” “үл ялгаварлан гадуурхах” зарчим, сонгох эрхийг баталгаажуулсан заалтуудын дагуу саналыг хаана өгснөөс үл хамааран санал бүрийн үр нөлөө буюу үнэ цэнэ тэгш байх хэрэгтэй гэж хэд хэд шийдсэн. Хамгийн дутуу төлөөлөгдсөн тойрог болон хамгийн илүү төлөөлөгдсөн тойрог 1:4.99, 1:4.40 гэсэн харьцаануудтай байсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Японы Дээд шүүх 1976, 1985 онуудад тус тус шийдсэн.
-Гадаадад байгаа сонгогчдын сонгох эрх мөн зөрчигдсөн асуудал хөндөгдсөн. Энэ нь бас л Цэцийн шийдвэртэй холбоотой юу?
-Тийм ээ, Цэц 1993 оны дүгнэлтдээ “Гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулахгүй байгаа нь УИХ-ын эрх хэмжээний асуудал” гэж шийдсэн ч ямар ч үндэслэл хэлээгүй. Энэнээс болоод гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах эсэх нь УИХ-ын үзэмжийн асуудал болж хувирсан. 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад буй иргэд оролцож саналаа өгсөн. Өнгөрсөн хугацаанд гурван удаа буюу 2005, 2011, 2015 оны Сонгуулийн тухай хуулиудад гадаадад байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцох заалтыг нь тусгасан байсан ч хоёр удаад нь уг заалтыг сонгуулийн өмнө хүчингүй болгосон. Тухайлбал, 2008 оны сонгууль болохоос зургаан сарын өмнө парламент тэрхүү заалтаа хүчингүй болгосон. Үүний дараа гадаадад буй иргэдийн сонгох эрхийг хассан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Э.Батбаяр нарын иргэд гаргасан боловч Цэц маргаан үүсгээгүй. Зөвхөн 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг оролцуулсан. 2015 оны Сонгуулийн тухай хуульд энэ заалт байсан ч сонгууль болохоос хоёр сарын өмнө “авч хаясан”. 2016 оны байдлаар гадаадад 150 гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэг гишүүнийг сонгосон 14000 сонгогчтой жижиг тойргоос бараг арав дахин илүү сонгогчид гадаадад байгаа төдий шалтгаанаар сонгох эрхээ эдэлж чадахгүй байна. Нөгөө талаас Цэцийн энэ шийдвэрээс болж, УИХ гадаадад байгаа иргэд санал өгөх эсэхийг үзэмжээрээ шийдвэрлээд зогсохгүй сонгуульд оролцуулахдаа хамгийн хуучинсаг, хамгийн явцуу арга хэрэглэсэн.
-Тэр нь ямар арга билээ?
-Сонгогч зөвхөн Монгол дахь дипломат төлөөлөгчийн газар л биечлэн очиж санал өгөх байдлаар хуульчилсан. Тийм учраас 2012 оны УИХ-ын сонгуульд 3000 хүрэхгүй иргэн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 4000 гаран иргэн л саналаа өгсөн. Гадаадад байсан 100 мянга гаруй иргэнээс ийм бага хувь нь оролцсон шүү дээ. Дэлхийн 200 шахам орноос 50 гаруй нь, ардчилсан тогтолцоотой орнуудын дийлэнхэд нь гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулдаг. Ингэж оролцуулахдаа саналаа биечлэн өгөх боломжтойгоос гадна интернет, шуудан, факс, бие төлөөлөгч зэрэг олон аргыг ашиглаж, саналаа өгдөг. Жишээлбэл, гадаад улсад амьдарч байгаа АНУ, Англи, Герман зэрэг орны иргэд сонгуульд оролцохдоо сая хэлсэн аргуудаар саналаа өгч, сонгуульдаа өргөнөөр оролцдог. Ийм учраас энэ алдааг засах хэрэгтэй.
-Үндсэн хуулийн цэц эдгээр алдааг засах боломжтой гэхээр Үндсэн хуульд энэ агуулгаар тусгасан заалт суулгасан байгаа гэсэн үг үү?
– Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хангахын тулд Үндсэн хуульд гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох эрхтэй гэж шинээр заавал заах шаардлагагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд нийтээрээ сонгох эрх гэж бий. Энэ маань өөрөө сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцоно гэдэг агуулгыг илэрхийлдэг. Гадаадад байгаа иргэдээ сонгуульд санал оролцуулахгүй байгаа нь нийтээрээ сонгох эрхийг зөрчсөн гэж Япон, БНСУ-ын шүүхүүд шийдсэн байдаг. Жишээлбэл, Японд 1998 онд зөвхөн хувь тэнцүүлсэн сонгуульд оролцож намд санал өгөх эрхийг гадаадад буй иргэдэд өгсөн боловч тойрогт нэр дэвшигчид санал өгөх боломжийг хаажээ. Дээд шүүх нь 2005 онд гадаадад буй иргэдийн сонгох эрхийг хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн. Мөн, 1999 онд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж манайхтай адил алдаатай шийдвэр гаргасан ч 2007 онд Үндсэн хууль дахь нийтээрээ сонгох эрхийг зөрчсөн юм байна гэж шийдэж, алдаагаа зассан.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн үзэл санааг хамгийн сайн үндэслэл бүхий үзэл баримтлалаар нь биш, харин үг үсгээр нь эсхүл тухайн үед байсан ташаа ойлголтынхоо хүрээнд явцууруулж тайлбарласнаа засах ёстой. Иргэд бол одоогийн сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд өгөх нь нээлттэй. Тэр тохиолдолд Цэц энэ алдааг засаад явах хэрэгтэй. Миний судалснаар Япон, БНСУ, АНУ, Герман улсын Үндсэн хуулийн маргаан шийддэг шүүхүүд нь өмнө гаргасан алдаагаа засаад явдаг.
-Цэц алдаагаа зассан ч УИХ Цэцээс гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэвэл яах вэ. Ер нь энэ олон жилийн хугацаанд УИХ санаачилга гаргаад засаагүй нь алдааг олж хараагүйгийнх үү, эсвэл өөр шалтгаан байна уу?
– Улстөрчид сайн дураараа иргэний нийтээрээ болон тэгш сонгох эрхийг хамгаалах нь юу л бол. Гадаад байгаа иргэд сонгуульд оролцох нь тухайн үед УИХ-д олонх байсан хоёр том намын хувьд ашиггүй байсан учраас ийм боломж олгосон заалтыг удаа дараа хүчингүй болгосон. Мөн орон нутагт илүү дэмжлэгтэй улстөрчид, намууд УИХ-д олонх болчихсон учраас тэд сонгуулийн тойргууд дахь сонгогчийн тоог ойролцоо болгох сонирхолгүй. Энэ тэгш бус байдал нь Улаанбаатар хотоос сонгогдох магадлалтай, шинэ залуу улстөрчдөд ашиггүй. Ардчилсан орнуудын түүхийг харах юм бол хүн ам нь нутаг дэвсгэртээ тархан суурьшиж байгаад хөгжлийнхөө явцад том хотууддаа төвлөрдөг. Улстөрчид нь өөрсдийн явцуу сонирхлын үүднээс хүний амын төвлөрөлд нийцүүлэн сонгуулийн тойргоо дахин хуваарилахаас цааргалдаг. Ялангуяа давуу байдал олоод авсан улстөрчид, намуудад өөрсдөө зориулан “тойрог зурах нь” ашигтай учраас сайн дураар үүнийг бараг өөрчилдөггүй. Ямар үед энэ буруу практик өөрчлөгддөг вэ гэхээр, тойргийн сонгогчийн харьцаа хэт алдагдах эсхүл гадаадад буй иргэдийг сонгуульд оролцуулахгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг зөрчдөг гэдгийг маш сайн харуулсан үндэслэл бүхий шийдвэрийг үндсэн хуулийн шүүх нь зоригтой гаргаж байж л бодит өөрчлөлт гардаг.
-2016 онд УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад нийслэлээс сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог бага зэргээр нэмсэн. Гэхдээ хүн амын тоотой нь дүйцүүлж УИХ-ын гишүүнийг сонгоно гэхээр хөдөө нь хаягдаад тэгш бус байдал үүсгэн, нэлээд хэл ам дагуулсан?
-2016 онд Улаанбаатарт ногдох мандатын тоог бага зэрэг нэмсэн ч хангалттай нэмж чадаагүй ээ. Энэ сонгуулийн 76 тойргийн 50-д нь тэгш сонгох эрх зөрчигдсөн талаар түрүүнд дурдсан. Тэгш сонгох эрхийн шаардлагыг хангаснаар орон нутаг хаягдана гэж байхгүй. Ядаж нэг тойргоос нэг УИХ-ын гишүүн сонгогдоно. Том аймгуудын хувьд 2-3 гишүүн сонгогдоно. Сонгууль гэдэг бол иргэдийн эрхийн асуудал болохоос биш газар нутгийн төлөөлөл биш. Монгол Улс холбооны улс биш, нэгдмэл улс. Иргэний тэгш эрх бол ардчиллын амин сүнс. Иргэн бүр сонгуулийн үр дүнд тэгш оролцоотой, ойролцоо нөлөөтэй байхгүй бол иргэний тэгш эрх бүрэн хангагдахгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ