Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгийн оролцогч болох Э.Уужимсэтгэлт охин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Шилдэг залуу ажилчин” шагнал хүртэж, Төрийн ордонд шагналаа гардан авсан юм. Энэхүү шагналыг 10 сая төгрөг дагалдах юм байна.
Э.Уужимсэтгэлт "Монгол ур чадвар 2018" уралдаанд хоёрдугаар байрт орж, “Оюу Толгой” компанид 10 сар бэлтгэл хийжээ. Энэхүү уралдаан энэ оны нэгдүгээр сард болсон бөгөөд эмэгтэй оролцогч сүүлийн шатанд өрсөлдөхөөр үлдсэн нь олон хүний анхаарлыг татсан гэдэг. Энэхүү шалгаруулалтын эцсийн тэмцээн арванхоёрдугаар сарын 6-д болоход, ялагчаар Т.Оюун-Эрдэнэ шалгарч дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Гэхдээ Э.Уужимсэтгэлт үндэсний тэмцээнд хоёрдугаар байранд орсон ч гагнуурчин мэргэжлийн сайхныг мэдэрч олон залууст урам өглөө.
18 настай охин Э.Уужимсэтгэлт Монголд цөөн байдаг эмэгтэй гагнуурчдын нэг юм. Тэрбээр 15 настайдаа Монгол-Солонгосын политехник коллежийн гагнуурын ангийн оюутан болж байжээ. 2,5 жил суралцаж, гагнуурын мэргэжлээр төгссөн ч инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжлээр үргэлжлүүлэн сурч байгаа аж. Түүнд ажлын саналууд ирдэг ч сургуульдаа багшлахаар болсон байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу ажилчин" шагналын эзэн Э.Уужимсэтгэлт хэлэхдээ “Манай аав надад зөвлөснөөр гагнуурчин гэдэг мэргэжлийг сонгосон. Миний аав залуудаа тээврийн жолооч хийж байгаад гагнуурчин эмэгтэйтэй тааралдаж, ур чадвараар нь бахархсан гэдэг. Гагнуурын ажлыг эмэгтэй хүн хийж чаддаг гэдгийг аавд үлдээсэн юм билээ. Тэгээд надад гагнуурчин болох хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Анхандаа би эсэргүүцэж байсан ч коллежид орсны дараа аавынхаа захиасыг биелүүлсэндээ. Би сургуулийнхаа гагнуурчны ангид элссэн анхны эмэгтэй сурагч. Мэргэжил эзэмших нь чухал биш харин мэргэжилдээ эзэн байх нь чухал” гэж аавынхаа захиасыг цаг үргэлж санадаг” гэж байв.
Э.Уужимсэтгэлт зургаан ах, эгчтэй бөгөөд айлын бага нь. Түүнд аав нь гагнуурчин болох хэрэгтэй гэж зөвлөсний дагуу сургуулиа сольж, коллежид орж байжээ. Тэрбээр 31 эрэгтэй хүүхэдтэй ангид 2,5 жил суралцсан байна. Бага багаар сурсаар байгаад гагнуурын тэмцээнд хөвгүүдтэй өрсөлдөж, өөрийнхөө ур чадварыг олон удаа харуулж байжээ. Э.Уужимсэтгэлт БНСУ-д ур чадварын тэмцээнд сонирхогчоор оролцож, ОХУ-д гагнуурын тэмцээнд оролцоод авчээ.
Монголд цөөхөн байгаа эмэгтэй гагнуурчдын нэг болсон Э.Уужимсэтгэлт олон залууст урам өгч хөдөлмөрийн салбарт томоохон үлгэр дууриалал болж, ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болохоо хэлж байв.
Холбоотой мэдээ