"Сурагчдын амралт объектын түймрийн эрсдэлтэй үе"

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

"Сурагчдын амралт объектын түймрийн эрсдэлтэй үе"

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид урт хугацаанд амарч байгаа. Сурагчдын амралт эхлээд долоо хонож байхад бага ангийн хоёр сурагч гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 11.12 цагт айлын таван ханатай гэр шатаж, ес, таван настай хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бага ангийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхих, амарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь хамгаас чухал. Ялангуяа бага ангийн сурагчид урт хугацаанд амарч байгаа энэ үед ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.

Ялангуяа гал түмрийн хамгийн эрсдэлтэй үе бол сурагчдын амралтын үе байдаг байна.

Нийслэлд жилд гарч буй аюулт үзэгдэл, ослын 83 хувийг объектын түймэр эзэлдэг байна. Мөн бага ангийн сурагчдын өвлийн амралт эхлэхээр объектын түймрийн тохиолдол нэмэгддэг байна. Тиймээс түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.


-Нийслэлд гарч буй объектын гал түймрийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Шалтгаан нь юу байна вэ?

-Нийслэлд жилд объектын түймэр дунджаар 2000 гаруй гардаг. Бид шинэ оныхоо ажлыг энэ сарын 15-нд эхлүүлсэн. Одоогоор 80 гаруй дуудлага бүртгэгдээд байна. Хүйтний улиралд объектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Гэр хороололд галлагаа эхэлдэгтэй, халаалт дулаантай холбоотой. Гэр хороололд, байшин, гэрт гарч буй түймрийн дуудлага дийлэнх хувийг эзэлдэг. Харин үүний шалтгаан нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, ил задгай үнс нурам асгасантай холбоотой байдаг.

-Сурагчдын амралт эхэлсэн энэ үед гал түймрийн дуудлагад өөрчлөлт гарч байна уу?

-Бага ангийн сурагчдын амралт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ үед хамгийн эрсдэлтэй үед тооцогддог. Шалтгаан нь тэдэнд цэцэрлэгийн насны дүүг нь хариуцуулж үлдээдэгт байгаа юм. Бага насны хүүхдэд анхааруулж, захисан ч үнс нурам, чүдэнзээр оролддог. Энэ нь гал түймэр үүсэх, улмаар өөрсдийнх нь эрүүл мэнд, амь насыг хохирооход хүргэдэг.

-Сүүлийн үед айлууд галаа газаар буюу шингэн хийгээр ноцоох болжээ. Чүдэнз, газ зэргийг гэрт хэрхэн хадгалах вэ?

-Бидний тооцоолж байгаагаар 2018 онд гал түймрийн дуудлага, гал түймэрт өртөж нас барсан хүний тоо нэмэгдсэн. Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх шаардлагатай. Бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй байлга. Мөн пийшин зуухны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Бас лаа, чүдэнз зэргийг бага насны хүүхэд хүрэхээргүй газар тавих хэрэгтэй.  Мөн гэр, баашинд хэрэглээний газыг ашиглах ёсгүй. Үүнийг хориглодог ч манайхан ашигласаар байна.

-Пийшин, зуух нь чухам ямар шаардлага хангасан байхад аюулгүй гэж үзэх вэ?

-Пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангахын тулд янданг дээврийн гадаргуугаас  50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1.25 см-ээс багагүй зайтай байх, галлагааны амны өмнө 70:50 см-ийн төмөр байрлуулах зэрэг тодорхой стандарт байдаг.

-Шинэ жилээр пиротехникийн хэрэгсэл эрэлттэй болдог. Гэхдээ пироткхникийн хэрэгслийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг зөвлөж байгаа. Тийм газар чухам хаана байна вэ?

-Шинэ жилээр  салют, бингалын гал эрэлттэй байдаг. Салютыг битүү орчинд ашиглахыг хориглосон байгаа. Харин задгай газар ашиглахыг зөвшөөрсөн. Гэхдээ заавал мэргэжлийн офератороор гүйцэтгүүлэх ёстой. Салютыг “Очир-Ундраа”, “Пиротек”-ид худалдаалж байгаа. Эдгээр газар нь аль газар салют авсан, чухам хаана ашиглах гэж байгаа, ямар оператор ажиллах зэрэг мэдээллийг бидэнд ирүүлдэг. Энэ мэдээллийн дагуу ямар нэгэн эрсдэл гарвал бид байнгын бэлэн байдалд ажилладаг.

ТҮЙМРЭЭС 791 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

  • Энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд 3040 объектын гал түймэр гарчээ. Улмаар объектын түймрийн улмаас 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.
  •  Түүнчлэн дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
  • Эндээс нийслэлд 1970 түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
  •  Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж