Шүүхийн шатанд яваа олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийг тоймлон хүргэж байна.
ШАДАР САЙД АСАН Ц.ОЮУНБААТАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 26-ны өдөр Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болжээ.
Хэргийг сануулахад, Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд өнгөрөгч зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.
Мөн Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна, нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргаж, дээрх мөнгийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” ТББ-ын дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон байгаа аж. Анхан шатны шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 10.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.
Б.ГАРАМГАЙБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшлогдсон байна. Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.
Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан.
ЖҮЖИГЧИН Р.АДЪЯАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ
“Хошин шогийн” гэх тодотголтой жүжигчин Р.Адъяа өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн хуулийн байгууллагад шалгагдаад буй. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Р.Адъяагийн эхнэр болох Б.Золзаяа нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол гаргасан байдаг. Тэгвэл дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжжээ.
Хэргийг сануулахад, жүжигчин Р.Адъяа нь өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр эхнэр болох Б.Золзаяагийн биед халдаж, гэмтэл учруулсан. Эх сурвалжийн мэдээлснээр эхнэр Б.Золзаяа толгойн тус газраа хүндэвтэр гэмтэл авсан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл авсан гэж тодорхойлжээ. Тухайн үед сошиалаар Р.Адъяаг эхнэрээ зодсон гэх мэдээлэл тархсан ч тэрбээр хэвлэлүүдэд өөрийнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн ярьж байсан удаатай. Мөн хохирогчийн талаас нүүрэнд нь саажилт үүссэн тул эмчилгээний зардлыг нэхэмжилсэн ч одоог хүртэл олгоогүй гэх мэдээллийг өглөө.
Хуулийн байгууллагаас Р.Адьяаг Эрүүгийн хуулийн 11.6-2 буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Р.Адьяад холбогдох шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал энэ сарын 31-ны өдрийн 10.00 цагт болохоор товлогджээ.
“СЭЛЭМ” С.БЯМБАЦОГТЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ
Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжсэн. Тодруулбал, С.Бямбацогт, А.Одмөнх, Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Анхан шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцаасан байна.
Сануулахад, 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрлах “Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг болох С.Бямбацогт нь сэлэм эргүүлж бусдын биед халдахыг завдсан байдаг. Үүгээр зогсохгүй С.Бямбацогт нь хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон юм. Хуулийн байгууллагаас С.Бямбацогт нарыг Эрүүгийн хуулийн 20.7-1, 16-2.1, 11.6-1-д зааснаар буруутгаад буй.
“ШИНЭ ЭХЛЭЛ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
"Шинэ эхлэл" олон улсын лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас өнгөрөгч аравдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн. Тухайлбал, “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургадугаар ангийн элсэлтийн шалгалтанд бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харъяа шүүхэд шилжүүлсэн байна.
Тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 4-т "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаал, мансууруулах бодис, хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлсэн байна.
ТУХАЙЛБАЛ:
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Н.Мөнхбат нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкин дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан, мөн “Мон лаа” ХХК-ийн ерөнхий захирал М.Энхсайханд давуу байдал олгосон гэх эрүүгийн хэргийг;
- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож, “Монос групп” ХХК, түүний охин компани болох “Монос констракшн” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэргийг;
- Н.Раднаасэд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн түрээсийн байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нэмэхбаяртай бүлэглэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг;
- Д.Бат-Ирээдүй, Б.Гүррагчаа нар нь бүлэглэн олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, Д.Мөнхтогтох нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгодог байгалийн ургамал, ойн дагалдах баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох самрын идээг гадаадад гаргах зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан, самрын идээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн, Д.Ганболд, С.Ариунзаяа нар нь хуулийн байгууллагаас битүүмжлэн, итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн 133 тонн хуш модны самрын идээг санаатай үрэгдүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
- “Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал 2018 оны наймдугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнтэй маргаж, түүнийг зодож, алсан гэх хэргийг;
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сард Отгон-Эрдэнэ нь 5 хоногтой нярай хүүхдийг “салхилуулна” гэж хуурч авч явж, хулгайлсан гэх эрүүгийн хэргүүдийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ