"Хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа нь монголчуудын залхуу зантай холбоотой"

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

"Хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа нь монголчуудын залхуу зантай холбоотой"

"Хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа нь монголчуудын залхуу зантай холбоотой"

Сүүлийн жилүүдэд хулгай гэмт хэрэг өсч, энэ гэмт хэрэгт залуучууд холбогдох нь ихэсчээ. Хулгайн гэмт хэрэг ихэсч буй шалтгаан, нөхцөл байдлын талаар  Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир цөөн хором ярилцлаа.


-Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг их гарах болсон гэх мэдээлэл хэр бодитой вэ?

2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар 33 мянган гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Бүртгэгдсэн 33 мянган гэмт хэргийн 40 хувь нь дан хулгай. 20 гаруй  хувь нь зодоон. Үлдсэн арван хувь нь зам тээврийн ослын гэмт хэрэг байгаа бол дөрвөн хувь нь залилан мэхлэх гэмт хэрэг.

Эрүүгийн хуульд 264 төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж зүйлчилсэн байдаг. Үүнээс дөрөвхөн  гэмт хэрэг нь  80 хувийг дангаараа эзлээд цаана нь үлдсэн 260 үйлдэл нь 20 хувийг эзэлж байна.  Ер нь сүүлийн арван жилийн байдлаар гэмт хэргийн  гаралт жил ирэх тусам өссөн.

Монгол Улсад  жилд хулгайн гэмт хэргийн хохирлын хэмжээ 14 тэрбум төгрөг байдаг. Тэрхүү хулгайн эд зүйлийн 80 хувь нь ломбардаар дамжиж, энгийн иргэдэд очдог. Харин үлдсэн нь ченжүүдээр дамжиж алга болдог. Хулгайн эд зүйл ийм л хоёр замаар дамжиж, борлогддог гэсэн үг. Уг нь дээрх  дөрвөн гэмт хэргийн гаралтыг  бууруулж чадах юм бол Монгол Улс дахь гэмт хэргийн тоон мэдэгдэхүйц буурна.

Тэгвэл хулгайн гэмт хэрэг буурахгүй өсөөд байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Хамгийн гол нь монгол хүний суурь хүмүүжил буюу залхуу зан их нөлөөлж байна. Барилгын туслах ажилтан өдөрт 50, 60 мянган төгрөгийн цалинтай ажиллуулъя гэхэд хүн олдохгүй. Тэгсэн мөртлөө ажилгүй залуус биеийн хүчний ажил хийхээсээ илүү айлын хаалга хулгайгаар онгойлгохыг илүүд үзэж байна.  Тухайлбал, гэмт хэргийн гаралт хамгийн багатай орон бол Япон. Учир нь япончууд хувь хүний ухамсар, соёл гэдгийг асар өндөрт буюу нэгдүгээрт авч үздэг. Хувь хүний соёл, төлөвшил сайн болоод ирвэл гэмт хэргийн гаралт буурна. Зүүн Азийн орнуудад хулгайн гэмт хэрэг бага гардаг нь хувь хүний ухамсартай холбоотой байдаг.

-Мэдээж  хулгайн гэмт хэргийн талаар ярихаар цаана нь байгаа ченж нарын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?

Хулгайчдын ард ченжүүд байдаг. Хулгайн эд зүйлийн  үнэлгээг нь 100 хувь  гэж үзэх юм бол 60 хувийн  ашгийг ченж  нар  авдаг бол үлдсэн 40 хувийг хулгайч нар өөрсдөө авдаг.  Ашиг нь ченж  нарт хэд дахин илүү ирдэг.  Би түрүүн   жил ирэх тусам хулгайн гэмт хэргийн гарал өссөөр байна гэж дурдсан.

Өмнө нь хулгайчтай хөөцөлдөөд шийтгэл оногдуулахын төлөө явж  байсан бол одоо хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байгаа ченж нарын үйл ажиллагааг таслан зогсоохын  тулд ажиллаж байна. Тиймээс ломбард руу чиглэсэн хяналт шалгалтыг хийсээр байна. Түүнээс биш ломбардын ойр  орчинд гарч байгаа  гэмт хэргийн мэдээллийн тоо нь маш бага. Бараг гэмт хэрэг гардаггүй гэмээр.

2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд Хууль зүйн яам, Үндэсний дата төвтэй хамтраад интернетэд суурилсан  үнэгүй программ буюу мэдээллийн санг ломбардуудын компьютерт суулгаж эхэлнэ. Энэ нь  эргээд ломбард ажиллуулж байгаа хүндээ ч ашигтай. Сард хэчнээн төгрөгийн эд зүйл олсон, орлого зарлагын тооцоо буюу бизнес эрхлэгчдийн  хар дэвтэр шиг мэдээллийн сан үүснэ гэсэн үг.

-Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдаж авдаг, хулгайчдыг энэ үйлдлээрээ өөгшүүлдэг ченж нэртэй хүмүүст ямар хариуцлага ногдуулдаг вэ ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлээр ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага ногдуулдаг. Тодруулбал, 155.1.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж