Хонгконгт болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнээс Монголын баг амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн билээ. Баг тамирчид Мягмар гаригт/2018.12.25/ эх орондоо иржээ.
27 дахь удаагийн ДАШТ-д 21 орны 260 гаруй тамирчид ой тогтоолтын олон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан.
Монгол улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орсон юм.
Энэ жилийн ДАШТ-д олон улсын их мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга, 2018 оны дэлхийн дэд аварга, 16 настай Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санасан юм. Тэрбээр энэхүү амжилтаараа олон улсын их мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 2018 оны Геннисийн номонд бичигдэх амжилтыг үзүүлсэн.
Мөн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд болсон юм.
Холбоотой мэдээ