2018 эдийн засгийн онцлох 10 үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

2018 эдийн засгийн онцлох 10 үйл явдал

2018 эдийн засгийн онцлох 10 үйл явдал

НЭГ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар өссөн, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч, Засгийн газар арилжааны банкнаас зээл авахаа зогсоосноор хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7 орчим хувьд хүрэхээр байна.

ХОЁР. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав

2018 онд төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулав. Эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 орчим хувиар өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 266 тэрбум төгрөгийн ашигтай байна.

ГУРАВ. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлсөн, үүнээс 2018 онд 3.7 их наяд төгрөгийг төлөв

2018 онд өндөр хүүтэй дотоод бонд гаргаагүй, нийт 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгав. Мөн 500 сая ам.долларын Чингис болон 1 тэрбум юанийн Дим сам зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буураад байна.

ДӨРӨВ. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрав

2018 онд Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

  • Төсвийн сахилга бат сайжирч, өрийн дарамт буурч байгаа, 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй болж, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан,
  • Гадаад валютын нөөц нэмэгдсэн,
  • Монголын эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөж байгаа,
  • Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдсэн,
  • ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.

ТАВ. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого 15 хувиар өслөө

11.6 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшин буюу 6.9 хувьд хүрлээ. Хөдөлмөр эрхэлдэг хүний тоо 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оноос 50 мянгаар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт өсөж, ажилгүйдэл буурснаар дундаж цалин 2017 оноос 8 хувиар өссөн. Эдийн засаг өссөнөөр цалин нэмэгдэж, хувийн хэвшлийг дэмжсэний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өссөн. Эдгээр өөрчлөлтийн дүнд өрхийн орлого 15 хувиар өсөөд байна.

ЗУРГАА. Арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүү 17.6 хувьд хүрч буурав

Засгийн газрын арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч байсныг зогсоож, өмнө гаргасан өндөр хүүтэй бондуудыг буцааж төлснөөр эдийн засаг дахь зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Монгол руу орох хөрөнгийн урсгал нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр дотоод хуримтлал өссөн. Ингэснээр 2016 онд 19.7 хувь хүртэл өсөж байсан арилжааны банкны зээлийн хүү 2017 онд 0.7 нэгжээр, 2018 оны 10 дугаар сард 1.4 нэгжээр тус тус буураад байна. Энэхүү бууралтын үр дүнд зээлийн хүү 2013 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага түвшинд буюу 17.6 хувьд хүрлээ.

ДОЛОО. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2018 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв

Макро эдийн засгийн орчин сайжирч, зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн эрэлт нэмэгдэж, хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар жилийн дундаж зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 37 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа.

НАЙМ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд саараад байсан нүүрсний экспорт нэмэгдэж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хил гааль дээр үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд 2017 оны сүүлийн хагас, 2018 оны эхний улирал саараад байсан нүүрсний экспорт огцом нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа 36.5 сая тонн нүүрс экспортолж байна.

ЕС. БНХАУ, Мянганы сорилын сан, БНСУ, БНЭУ, АХБ-ны хөрөнгөөр Улаанбаатар болон орон нутгийн цэвэрлэх байгууламж, усан хангамж, орон сууцны хангамж, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг Монгол Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээг байгуулж, “Улаанбаатар хотын гүний усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны хангамжийг сайжруулахад 500 сая ам.долларыг зарцуулахаар тохиролцов.

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

–  Хөдөлгөөний эрчим өндөртэй, зорчигч болон ач тээврийн гол замууд болох Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замуудыг шинэчлэх, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.

АРАВ. Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарав

Европын холбоо манай улсыг “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалт”-д хамруулан хамтын ажиллагаагаа хумигдуулах шийдвэр гаргасан юм. Хэрэв дээрх жагсаалтаас манай улс гараагүй байсан бол бизнес эрхлэгчид европын холбооны зах зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болох байсан юм. Иймд Засгийн газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, тодорхой шаардлагыг нь хангасны үр дүнд тус жагсаалтаас гарч, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж