Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн багш ажилчид өнөөдөр /2018.12.27/ тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Энхтуяаг албан тушаалаасаа огцрохыг шаардан мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Энхтуяа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны сайдын /БСШУСЯ/ тушаалаар 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн тушаалаар томилогдон иржээ. Тэрбээр 2006-2014 оны хооронд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хөрөнгө мөнгө шамшигдуулж, хүүхдийн эрхийг зөрчиж байсан нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогджээ.
Тухайлбал, 2014 оны тавдугаар сарын 6-ны өдрийн прокурорын байгууллагаас гаргасан дүгнэлтэд “С.Энхтуяаг эрх мэдлээ хэтрүүлэн сургуулийн санхүүд орох ёстой байсан мөнгийг хувьдаа ашиглаж төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх мэдээллийн дагуу шалгасан. Санхүүгийн шалгалтаар 9.350.000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон” хэмээн дурджээ.
Мөн тус сургуулийн багш ажилчид 2014 оны зургадугаар сард хүний эрхийн үндэсний комисст С.Энхтуяаг олон багш ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халдаг шалтгаанаар шаардлага хүргүүлж байсан аж. Комиссоос 116 дугаар сургуульд шалгалт хийхэд С.Энхтуяа нь тус сургуулийн багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, ажлын байрны дарамт үзүүлэх, ёс зүйгүй авир гаргах элдвээр доромжлох зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргасан нь шалгалтаар тогтоогджээ.
ЯАМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА УЧРААС ТӨР ЗАСАГТАА ХАНДАЖ БАЙНА
116-р сургуулийн бага ангийн багш Ч.Амарзаяа “Өнөөдрийн байдлаар манай сургуулийн бүх ажилчид урамшууллын мөнгө буюу цалингийн 60 хувийг аваагүй. Үүнээс үүдэн шинэ жил зохион байгуулахаа хүртэл цуцлах хэмжээний эмзэг байдалд хүрсэн. Яагаад ийм байдалд орчихсон бэ гэхээр БСШУСЯ нэг жилийн дотор дөрвөн захирал томилсон. Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 27-оос арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл ямар ч захиралгүй ажилласан. Гэтэл арванхоёрдугаар сард тэтгэвэрт гарсан захирлыг эргэж томилсон. БСШУСЯ ямар ч хүнгүй болсон юм уу эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардаж байна. Урамшууллын мөнгө тавихгүй байгааг асуухаар төсөв хүрэхгүй байна гэдэг. Ажлаа хийж байгаа багш нарт ур чадварын мөнгийг бүтэн олгооч ээ. Яагаад мөрөөрөө ажлаа хийж байгаа багш нар хохирох ёстой юм. Улсдаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг цорын ганц сургууль болохоор яам анхаарлаа хандуулах ёстой. Яам асуудлыг шийдэж өгөхгүй байгаа учраас төр засагтаа хандаж байна” гэв.
Тэгвэл мэдээлэл хийсэн багш ажилчдын зүгээс монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлж байна.
- БСШУСЯ-ны сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгож, С.Энхтуяаг тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх,
- Дээрх шийдвэрийг гаргахад оролцсон яамны холбогдох хүмүүст хариуцлага тооцох,
- 2006 оноос арванхоёр жилийн турш шаардлагатай удирдлагаар хангагдаж чадахгүй байнга захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдож байсан тус сургуулийн энэхүү байдлыг таслан зогсоож мэдлэг ур чадвартай ёс зүйтэй хүнийг томилох.
Шаардлагын хариуг энэ сарын 31-ний өдөр өгөхийг шаардаж байгаа бөгөөд тогтсон хугацаанд хариуг ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрийг ашиглан тэмцэх болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Э.БУРАМ
зочин 2018-12-27 66.181.168.199
Бас тэр 14-р сургуулийн захирал Цэцгээ гэж авгай байна. Өөрөө тэтгэврийн нас хүрээгүй байхдаа сургуулийнхаа бүх тэтгэвэрт гарчаад ажиллаж байсан багш нарыг бараг л уйлуулж байгаад халаад суулгасан. Хорвоогийн жамаар өөр дээр нь ирэхээр гүрийгээд суугаад байдаг. Шударга л байлдаа. Ийм л юм бол яах гэж бусдыг тэтгэвэртээ суу гэж шахдаг байсан юм. Ёстой бүтэхгүй ээ. Холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваад тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй.
zochin 2018-12-27 130.34.154.169
Шинжлэх ухааны хүрээлэнд бол тэтгэврийн хүмүүс орлогч захирал хийж л байх юм. Ер нь залуусаа голоод байдаг буруу, ямар ч байсан алдаа оноог хэлж өгөөд сургаж байх чухал. Зөндөө судлаач докторууд ажил хийсэн ч биш үгүй ч биш явахын тэдний хүчийг ашиглах хэрэгтэй дээ
Зочин 2018-12-27 103.9.90.98
төрийн албанд тэтгэвэрт гарсан нөхдүүд зөндөө ажиллаж байна энэ асуудлыг хэн шалгаж цэгцлэх ёстой вэ Ерөнхий сайдаа, тэр нөхдүүд тэтгэврийн мөнгөө улсаас цохино бас төрд ажиллаж мөнгө хусна, ажил хайж байгаа залуулчуудадаа боломж нөхцлийг хангаж өгөөчээ, тэтгэвэртээ гарсан төрд дарга хийж байгаа хүмүүс олон байгаа