УИХ-ын дарга Герман, Польшт айлчилна

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Герман, Польшт айлчилна

УИХ-ын дарга З.Энхболд  ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийхээр болжээ.

З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр УИХ-ын даргад Германы зарим албан тушаалтнууд  бараалхах ажээ.  Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагчид УИХ-ын даргатай уулзах юм. Спикер айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно.  Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ  уулзана.  

Харин БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд  З.Энхболд дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга  БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцах юм байна.

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд багтжээ.  Мөн айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явах юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж