Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амьдралын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг нийслэлийн ИТХ-аас энэ онд санаачлан хийлээ. Тэднээс заримыг нь тоймлон хүргэе.
ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүүлийн 28 жилийн турш иргэдийг бухимдуулж, хотын хөгжилд тушаа болж байсан газрын харилцаа, зохион байгуулалт, олголттой холбоотой санал хүсэлт, өргөлдөл гомдлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажлын хэсэг иргэд, хуулийн этгээдээс хүлээн авч, судалсан. Цаашид нийслэлийн ИТХ-аас газрын харилцаатай холбоотой бодлогын баримт бичиг гаргах иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдын саналыг сонсож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлээр анх удаа "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нэг талбайг хоёр хүнд давхардуулан олгосон, олон жил эзэмшиж байсан газраа бусдад алдсан, шүүхийн маргаантай зэрэг зөрчлүүд хотод амьдарч буй иргэдэд түгээмэл тохиолдох асуудал болсон. Хэлэлцүүлгийн хүрээнд нийтдээ 600 гаруй өргөдөл, гомдол ирүүлсэн байдаг. Дээрх өргөдөл, гомдлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн байгуулсан ажлын хэсэг судлан, холбогдох агентлагуудад чиглэл өгч шийдвэрлүүлэв. Мөн эл нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэх чиглэлээр Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол, шийдвэр гаргаж, нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа агентлагуудад үүрэг өгсөн юм.
ЗУУН АЙЛ ДАХЬ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХЫГ НҮҮЛГЭЖ ЭХЛЭВ
Суурьшлын бүс, тэр дундаа улсынхаа Төв талбайгаас нэг км гаруйн цаана барилгын материал үйлдвэрлэж, худалддаг улс манайхаас өөр үгүй. Сүхбаатар дүүргийн нутаг, Зуун айл орчимд барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл олон жил эрхэлснээс тухайн орчим хөрс ихээр бохирдож, тэнд байрлах төрийн болон эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсэж, оршин суугчдын эрх ноцтой зөрчигдөж буй. Мөн замын хөдөлгөөний зохиомол ачаалал үүсэж, Баянбүрдийн тойргоос Сансарын ШТС хүртэл замын хөдөлгөөн удаашралтай байдаг болсон. Тиймээс нийслэлийн ИТХ-аас Зуун айл нь барилгын захыг нүүлгэх шийдвэр гаргаж, тухайн орчмын замын хөдөлгөөний ачаалал, орчны бохирдол, ил задгай худалдаа эрхлэх үйл явцыг зогсоох чиглэлээр нийслэлийн ИТХ-аас байгуулсан ажлын хэсэг газар дээр нь удаа дараа ажилласан юм. Өдгөө 20 гаруй үйлдвэрийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна. Ингэхдээ иргэдийг ажилгүй, орлогогүй болгохгүйн тулд үйлдвэрүүдэд хотын захад, зөвшөөрөгдсөн талбайд газар олгосон юм. Ирэх хавраас Зуун айл орчмын авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Тус ажилд шаардлагатай санхүүжилтийг төсөв суулгасан.
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙГ ТАТЛАА
Зуун айл дахь барилгын захыг Налайх дүүргийн нутаг дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд нийслэлийн ИТХ-аас инженерийн дэд бүтцийг нь шийдэж байна. Тодруулбал, паркын цахилгааны эх үүсвэрийг нь шийдсэн бөгөөд өдгөө авто замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус авто зам хүнд даацынх бөгөөд дөрвөн эгнээ байх юм. Дашрамд, тус авто зам зөвхөн паркид хүрээд зогсохгүй Налайхын Городок тосгон хүртэл тавих юм. Ингэснээр зүүн аймгуудыг холбосон авто замын сүлжээ сайжирч, Налайх дүүрэгт тээвэр, ложистикийн төв бий болох юм.
БАЯНЗҮРХИЙН ТОВЧООГ НҮҮЛГЭЖ, ЧОЙР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ БОЛОВ
Нийслэлийн ИТХ-ын даргын санаачлагаар Баянзүрх дүүргийн авто замын шалган нэвтрүүлэх товчоог буулгаж, Тэрэлж болон Чойрын авто зам руу шилжүүлэв. Ийнхүү суурьшлын бүс доторх товчоог нүүлгэн шилжүүлснээр тухайн орчны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан юм. Мөн тус товчооноос Налайх хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэхээр холбогдох ажлыг эхлүүлээд байна. Налайх чиглэлийн авто зам нөхөөс ихтэй, аюулгүй байдлыг хангаагүй тул зам, тээврийн осол олон гардаг. Тэгвэл тус замыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцэхүйц иж бүрэн тохижилттой болгохоор зураг төслийг нь бэлэн болголоо. Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ус зайлуулах шуудуутай байхаас гадна ногоон байгууламж хийх онцлогтой.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХААР ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах 70 дугаартай тогтоол өнгөрсөн тавдугаар сард гаргасан билээ. Тус тогтоолд тусгасны дагуу зарим хэсгийн авто замын ашиглалтыг сайжруулж, хөдөлгөөний чигт өөрчлөлт оруулснаар ачаалал 20 орчим хувиар буураад буй. Тодруулбал, зарим замын ашиглахгүй байгаа эгнээг автозогсоол болгож, бусад зогсоолын менежментийг сайжруулсан юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, Энхтайваны өргөн чөлөөн дэх авто замын нэгдүгээр эгнээнд олон нийтийн цагдааг ажиллуулснаар автобус нэг буудлаас нөгөөд хүрэх хугацаа нэг дахин буурав. 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын тайлан мэдээллийг сар тутам сонсож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эрдэмтэн судлаач, иргэдийн саналыг тусгахаар аравдугаар сард улсын хэмжээнд анх удаа "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж гаргасан юм. Зөвлөгөөний үеэр иргэд, оршин суугчид нийтийн тээврийн салбарын алдаа, оноог хэлж, холбогдох албаныхан түүний мөрөөр арга хэмжээ авч эхэлсэн. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурч, зам, тээврийн ослын буурч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ИНГЭЖ САХИУЛАВ
Өнөө зун хүүхдүүд нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдлыг хангаагүй болон аж ахуйн нэгжүүдийн хариуцлага байдлын улмаас харамсалтайгаар амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг сахиулахаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар 119 дүгээр тогтоол батлуулсан юм. Таггүй траншей, цахилгааны ил гарсан утас, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг цөөнгүй ажил тус тогтоолын хүрээнд хийлээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан 267 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулж, шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабел шугамыг хураан авч, сургууль цэцэрлэгийн ойр орчимд байрлах агаарын 11 тулгуурыг тэгшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгаж, ил задгай 15 метр кабел шугамыг норм дүрмийн дагуу булуулсан байна. Мөн барилга байгууламж дээр журам зөрчиж чингэлэг байршлуулсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага өгч чингэлгүүдийг албадан нүүлгэж, явган хүний зориулалтын бус дөрвөн гүүрийг буулгуулжээ. Түүнчлэн цахилгаан хангамжийн ашиглалтын аюулгүй байдлыг хангуулахаар улсын байцаагчийн 02-07-102/411 дугаар зөвлөмж хүргүүлж, хуваарилах 16 самбарт газардуулга хийлгүүлж, ил задгай 35 утсыг норм дүрмийн дагуу газарт булуулсан гэнэ. Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийж ашиглалтын шаардлага хангахгүй нийт 331 шугам тоноглол байгаагаас 108 шугам тоноглолыг засаж, хэвийн болгосон. Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засаж хэвийн болгох талаар шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, нийтдээ 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антенныг буулгуулсан байна.
МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ШАЛГАВ
Нийслэлийн иргэд, оршин суугчдаас "Хот орчмыг тойрон үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэх үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна" гэх гомдлыг нийслэлийн ИТХ-д цөөнгүй ирүүлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлыг газар зэрэг холбогдох албаны төлөөллөөс ажлын хэсэг гаргаж, хотын захаар үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдийг шалгуулав. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйгаас авхуулаад ажлын хэсгийнхэн цөөнгүй зөрчил илрүүлсэн юм. Ингээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, шалгалтыг үргэлжлүүлж байна.
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЭГДСЭН БОДЛОГОТОЙ БОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИЛАА
Улаанбаатар хотод үүсээд буй бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүйн улмаас үүдэлтэй гэж иргэд, эрдэмтэн судлаачид үзэж буй. Тухайлбал, инженерийн дэд бүтэц, авто замын хүртээмжгүй байдал нь газрыг төлөвлөлтгүй олгосноос үүдэлтэй гэж үзэж буйгаа хэлсэн. Эл хот төлөвлөлтийн гажуудлыг засахын тулд төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлоготой болгох шаардлагатай гэж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан онцлоод, Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулах ажил эхлүүлэв. Эрдэмтэн, судлаачдаас авхуулаад мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллах юм. Ингэснээр бодит судалгаанд үндэслэн хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломж бүрдэнэ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ