Намынхаа нэрнээс авсан “Х” үсгээ буцааж хийнэ үү, баярлалаа!

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Намынхаа нэрнээс авсан “Х” үсгээ буцааж хийнэ үү, баярлалаа!

Намынхаа нэрнээс авсан “Х” үсгээ буцааж хийнэ үү, баярлалаа!

Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн У.Хүрэлсүх УИХ-ын хаалгыг гаднаас бараг өшиглөж эхлээд байна. Үүнийг үл тэссэн МАН-ын зарим гишүүн МАН дотор Гишүүд дэмжигчдийн холбоо байгуулав. “Жигүүр”-тэй байж үзсэн тус нам хамгийн даруухнаар ийн нэрлээд нэгдээд юу хийж чадах бол. Одоогийн МАН, “хуучин” МАХН-ынхан Н.Энхбаярын дарангуйллын оргил үе буюу 2005 онд “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” нэртэй “жигүүр” гэж байлаа. Ө.Энхтүвшин тэргүүлж тухайн үеийн УИХ-ын гишүүн М.Далайхүү, Р.Содхүү , Н.Удвал, Ц.Оюунбаатар нарыг дагуулсан энэ жигүүрийнхэн  мөн л “Нэг хүний эрх мэдэл дангаар ноёрхох боллоо” гэсэн ил захидлыг намынхаа удирдлагад хүргүүлж байв. Тэр үед “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэнийг  “гомдогсдын төлөөлөл” гэж гоочлон хувь хүнийхээ эрх ашгийг “Жирийн гишүүдийн гомдол” гэдгээр тайлбарлаж, үр ашигтай богино зайны улс төр хийлээ гэж шүүмжилж байлаа.

Харин өнөөдөр МАН дотор МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо байгуулагдчихаад байна. Зорилго нь мөн л өмнөх жигүүрийнхтэй төстэй. Гэхдээ цагтаа намын даргын дарангуйллыг эсэргүүцэж намынхаа туг далбааг тасчиж явсан “улаан  хувьсгаалч”  Ухнаагийн Хүрэлсүх даргын дарангуйллын эсрэг нэгдэж байгаагаараа сонирхолтой.

МАН-ын өнөөдрийн нөхцөл байдалд “хүнд” гэдэг үг хөнгөднө. Намын дарга Ерөнхий сайд таалагдаагүй дэд сайдаа танхимаасаа хөөж байна. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, нэр, гар цэвэр гээд нийгэмд нэлээд дээгүүр үнэлэгдэж байсан Б.Энхбаярт “хайртай дуртайдаа” улс төрийн шоуны үзэгчид шуугилдаад явчихсан юм биш. Хамгийн гол нь өөрт таалагдаагүйн төлөө танхимаасаа дэд сайдыг хөөж гаргатлаа ичгүүр сонжуургүйгээр дарангуйлж буй У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын “нэгдэл”-д бухимдаж байгаа хэрэг.

Одоо тэр 12 жилийн өмнөх Н.Энхбаяраас юугаараа ялгаатай юм бэ. Хүний насаар бол нэг үе юм. МАН 12 жил тутамд тэвчихийн аргагүй дарангуйлагчтай учрах, түүнийхээ эсрэг жигүүр байгуулах “норм”-той юм уу.

Мөн 2013 оны хавар МАН-д “Нэгдсэн Монгол” гэх жигүүр байгуулахаар одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэн гарын үсэг цуглуулсан ч намынх нь удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй. Намын дарга Ө.Энхтүвшин нь эрх олгоогүй юм гэдэг. Жигүүртэн жигүүртэндээ дургүй байдаг юм аа даа. Одоогийн шинэ жигүүр буюу МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо бол Ө.Энхтүвшин. Т.Аюурсайхан, хэн хэнд нь шүүмжлэлтэй хандахаар байгаа.

Сонирхолтой нь МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгчөөр, Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Ерөнхий нарийн бичгийн даргаар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал, нарийн бичгийн даргаар, улс төр судлаач Ө.Лувсанренчин нарыг томилжээ. Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурлаас Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгосон бөгөөд холбооны дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулж ажиллахаар болжээ. Зөвлөхүүдийн танхимд парламентад олон жил суусан туршлагатай улстөрчид, улстөр судлаачид, эдийн засагчид багтсан бөгөөд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгосон байна.

Эргэн санахад 2016 оны гуравдугаар сарын 23-нд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардан шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бидний дэмжиж, итгэж найддаг Ардчилсан намын удирдлагууд дүрмийн бус эрх зүйн чадамжгүй байгааг Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.8.1 заалтыг зөрчиж байгаагаар нотлогдож байна. Иймд Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд таныг өөрийн саналаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор огцрохыг шаардаж байна” гэсэн байв. Гэхдээ энэ нь нам нь Их Хурлаа хийхгүй, ҮЗХ нь хуралдаж чадахгүй, намын дотоод зөрчил туйлдаа хүрсэн тул УИХ-ын дарга бөгөөд Намын дарга З.Энхболд огцрох нь зүйтэй” гэж шаардсан юм.

Мэдээж огцроогүй. АН-ынхан ч ухаантай. УИХ-ын даргаа биш намын даргаа огцруулъя гээд байсан. Харин өнөөдөр МАН-ынхан УИХ-ын даргыг л огцруулчихвал сайхан байна. Болохгүй бол УИХ-аа тараая гэж байна. Аль нь эрүүл шаардлага вэ.

Ардчилсан парламент гэдэг үгийг ойлгохыг хүсэхгүй, өөрт нь таалагдахгүй байгаа шалтгаанаар дэд сайдаа хөөдөг У.Хүрэлсүх МАН-ын нэрийг жинхэнэ буртаглаж, хатуухан хэлэхэд 2020 оны сонгуульд яасан ч олонх болгохгүй байхаар үйл хийлээ. Коммунист дарангуйллыг нэвт ханхлуулаад зогсохгүй үг, үйлдлээрээ зарлан тунхагласан У.Хүрэлсүх та намынхаа нэрнээс хариуцлага хүлээн, дараа нь хариуцлага алдан байж авч хаясан “Х” үсгээ албан ёсоор буцааж хийнэ үү! Баярлалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж