ШӨХТГ нэр бүхий есөн банкийг ялжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

ШӨХТГ нэр бүхий есөн банкийг ялжээ

ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дараахь зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг.

  1. Банкуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголт төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон.

  2. Дээрх байдлаар банкууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон.

  3. Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй буюу өндөр тогтоогдсон бөгөөд гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх хууль бус үйл ажиллагаа болсон.

Дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Капитал банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан билээ. Тус хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд, улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэл буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн байдаг.

Харин Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд, ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч тус тус гомдол гаргасан байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эл хэргийг хянан хэлэлцээд, банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.medee.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж