Сүхбаатарын талбайд өнөөдөр/2018.12.27/ "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгууллаа.
УИХ-ын нэр бүхий гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан юм. Тэд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж буй. Жагсаалд иргэдээс гадна УИХ-ын таван гишүүн оролцов.
Тайван байдлаар жагсаалыг зохион байгуулах зорилгоор талбайг тойруулан хашлага хийж, цагдаа нар иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалган, дотогш нэвтрүүлж байлаа. Жагсаалыг санаачлан зохион байгуулж байгаа гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
"Монголчуудыг хагалан бутаргах зорилго МАНАН-д бий"
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
МАНАН төрөөс дээгүүр, намаас дээгүүр байна. МАНАН чонотой нийлсэн нохой шиг болжээ. Үүнийг унагаах цаг болсон. Хэдэн жилийн өмнө монголчууд отго жинс ялгалгүй нэгдэж, манжийн дэглэмийг устгасан. Хэдхэн жилийн өмнө олуулаа нэгдэж, социализмыг унагааж байлаа. Монголчуудаа, нэгдэн нягтарцгаая. Монголчуудыг хагалан бутаргах зорилго МАНАН-д их бий. Нэгдсэн монгол ялна.
"Байгалийн хэвлий дэх баялгийг МАНАН өөрсдөө завшдаг"
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
МАНАН бүлэглэл ямар хортой гэдгийг сүүлийн 25 жилд үүссэн тэгш бус байдал, байгалийн баялаг цөлмөгдөж байгаагаас харж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д байгалийн баялаг ард түмний мэдээлд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Өнгөтэй өөдтэй бүх баялгийг МАНАН бүлэглэл хамж, газрын хэвлий нь хоосон, ард түмэн ядуу, улс нь хагарсан ийм нөхцөл рүү явахыг хэрхэвч бид зөвшөөрөхгүй. Нэн даруй МАНАН бүлэглэлийг зогсоож, М.Энхболдыг огцрохыг шаардаж байна.
МАНАН бүлэглэл гэмт үйл ажиллагаа, булхай луйвраа хууль шүүхийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулан хамгаалсаар ирсэн. Тэднийг удирдан зохион байгуулж байгаагаа М.Энхболд "Аархал" ажиллагаагаараа нотлон харуулсан. Улаанбаатар хотын утаа, түгжрэл, иргэдийн ядуурал, тэгш бус байдал бүгд М.Энхболдыг Улаанбаатар хотын дарга байх үеэс эхлэл нь тавигдаж, цэцэглэн хөгжсөн гэж үзэж байна.
Тэрбээр 60 тэрбумын гэх хэрэгт төрийн албыг наймаалцах, төрийн эрхийг хууль бусаар авах санаархалд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь УИХ-ын даргаас огцрох хангалттай үндэслэл гэж үзэж байна. Нийгэмд шударга бус дарагддаг болсон байна. Бохир бүлэглэлийг оролцуулсан, байгалийн баялгийг цөлмөх санаархалтай МАНАН бүлэглэлийг устгахын тулд та бид их тэмцлээ эхлүүлж байна” гэлээ.
"Амлалтдаа хүрэхгүй бол намайг ч огцруул"
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Бид эрх чөлөөгөө авчсан ч өмч хөрөнгөө хулгайчдад алдчихаж. Монголчууд энд цугласнаар өмчөө, баялгаа буцааж авна. МАНАН бүлэглэл сонс. Монголын ард түмэн баялгаа буцаан авна гэж байна. Газрын хэвлийд байгаа баялаг нь улсын, ард иргэдийн баялаг. Монгол залуучууд маш олноороо гадаад руу явж байна. Монгол орон хоосорч байна. Яагаад гэвэл тэдэнд өмч алга, ирээдүй алга. Тэдний бүх өмчийг МАНАН бүлэглэл дээрэмдсэн. Гэхдээ тэд иргэж ирнэ, Монгол Улс эзэнтэй болно. Монголд 15 орд газар бий. Үүнээс хоёрыг нь цөлмөөд дууссан. Үлдсэн 13-ыг нь ард түмэнд өгөх хуулийг бид ялалт байгуулсан өдрийнхөө маргааш гаргана. Хэрэв энэ хуулийг гаргахгүй бол Монголын ард түмэн биднийг УИХ-ын гишүүдийг ч зайлуулах хэрэгтэй. Энэ бол 40 гишүүний амлалт. Амлалтаа биелүүлэхгүй бол бүгдийг нь огцруул. Намайг ч огцруул.
"Бид тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна"
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Хэдийгээр гадаа -30 хэмийн хүйтэн байгаа ч бид олуулаа цуглаж чадлаа. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглажээ. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд энд ирсэн байна. Таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Улмаар жагсагчид Төрийн ордныг гороолон, шаардлагаа тавьсан. Дараа нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцрохыг шаардсан шаардлагаа УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд ороход эзгүй байв. Иймээс энэхүү шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардуулсан юм.
Ц.Цолмон дарга "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа. Энэ өрөөнд УИХ-ын даргын ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" гэлээ.
Жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээж аваагүй бол ирэх 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр улс даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах ажээ.
Р.РЕНЧИНДУЛАМ