Цусаа бэлэглэж бусдын эрүүл мэндийг аварна гэдэг буянтай сайхан үйлсийн нэг билээ. Энэхүү буянтай үйлс улам ихээр дэлгэрч, сүүлийн үед сайн дураараа цусаа ѳгѳхѳѳр ирэх хүмүүсийн тоо олширч байгаа нь сайхан хэрэг. Монголд цусны алба үүсээд 52 жил болж байгаа ба энэ хугацаанд манай үлсад давхардсан тоогоор 130-140 мянган цусны донор бий болсон байна. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс сурвалжлага бэлтгэж байхдаа тус төвийг “Тус түгээгч цусны төв” гэж нэрлэмээр санагдаж байлаа.
-Япон улсын хүн амын талаас дээш хувийг өндөр настнууд эзэлдэг тул 2055 он гэхэд донорын хомсдолд орох магадлалтай гэсэн түгшүүрт мэдээ гарчээ. Учир нь 17-60 насныхан л донор болох боломжтой аж. Монгол Улсын хувьд донорын хомсдлоос айлтгүй. Харин ч эсрэгээрээ хүн амын олонх нь залуус юм-
2015 оны гуравдугар сарын 10-ны өдөр л гэхэд тус тѳвд нийт 48 хүн ирж цусаа бэлэглэсэн бөгөөд явуулын байдлаар 67 хүнээс цус цуглуулсан байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. "Бид долоо хоногт таван удаа явуулын байдлаар байгууллага хамт олон дээр очин цус цуглуулдаг. Өдөрт 60-100 хүнээс цус авах төлөвлөгөөтэй ажилладаг" хэмээн Донор зохион байгуулах тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг хэлсэн юм. Мѳн тус тѳв энэ жил "Байнгын доноруудын тоог нэмэгдүүлж, цусны аюулгүй байдлыг хангая" гэсэн том зорилго урдаа тавин ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Хоёр болон түүнээс дээш удаа цусаа өгсөн хүнийг байнгын донорт тооцдог ажээ. Нэг удаа цусаа ѳгч, донор болсноор тухайн хүн эрүүл мэндийн тодорхой ойлголттой болсон байдаг. Өөрийгөө халдварт ба халдварт бус өвчнөөс яаж сэргийлэх , цусаа өгөхөд ямар бэлтгэл хангах, сайн унтаж амрах, 4-5 хоног архи уухгүй байх, ханиад хүрэхгүй байх зэрэг наад захын шаардлагыг мэдэж авч, эрүүл амьдралын зарчмыг мѳрдѳж эхэлдэг байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний тѳв 2010 онд 14500, 2013 онд 16800, 2014 онд нийт 18775 донороос цус цуглуулсан байна. Энэ нь ѳмнѳх жилүүдтэй харьцуулвал багагүй хэмжээгээр ѳссѳн үзүүлэлт бөгөөд үүнд иргэдийн санал санаачилга ихээхэн үүрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байлаа. Жишээлвэл хүмүүсийн донорын талаарх ойлголт нь сайжирсны дээр цусаа ѳгч хүний амь аврах нь хамгийн гэгээн үйлс гэдгийг ухаарч эхэлсэн байна. Зуны улиралд хүмүүс хѳдѳѳ явж, байгаль руугаа аялах нь нэмэгддэг үед цусны нийлүүлэлт бага зэрэг багасдаг бол хэрэглээ нь харин өсдөг бах юм. Урьдчилан сэргийлэх байдлаар эмнэлэгт хэвтэх, сувилуулж асруулах нь зун цагт илүүтэй байхын дээр гэнэтийн осол аваарын үед цус сэлбэлт зайлшгүй шаардах нь бий. Мөн цусны хавдартай хүмүүс олширч байгаа нь эргээд цусны хэрэгцээг нэмэгдүүлсээр байгаа юм. Ѳдѳрт дунджаар 80-100 хүнээс цус цуглуулахад клиникийн эмннэлгүүдийн захиалсан цус цусан бүтээгдэхүүнүүдийг бүрэн хангаж чаддаг байна. Цаашлаад долоо хоногт 400 орчим хүнээс цус цуглуулахад тайван байдлын үеийн цусны хэрэглээг бүрэн хангах боломжтой ажээ.
“Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь 3-5 хоног, 21 хоног, 45 хоног гэх мэт харилцан адилгүй байдаг. Тиймээс тухайн цус, цусан бүтээгдэхүүнүүдий хэрэгцээнд тохируулахыг чухалчилдаг. Илүү үйлдвэрлэх юм бол эдийн засгийн хувьд ашиггүй ба донороос авсан үнэтэй бүтээгдэхүүний хугацаа нь дуусч хаяхад хүрнэ. Одоогийн байдлаар тайван үеийн нөөцөoс гадна олныг хамарсан гамшиг ослын үед шаардагдах нэг жил хүртэл хугацаагаар хадгалдаг цусны нөөцтэй" хэмээн цус сэлбэлт судлалын үндэсний тѳвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн юм.
Тодорхой хэмжээний цусны нөөцтэй болоход Монголын үе үеийн оюутан залуусын үүрэг их байсныг цус сэлбэлтийн төвийн дарга онцолж байлаа. Ингэхээс ч аргаүй. Манай улсын нийт донорын 60-70 хувийг оюутан залуус эзэлдэг ажээ. Ѳнгѳрсѳн долоо хоногт л гэхэд Цус сэлбэлт судлалын үндэсний тѳв Монголын оюутны холбоотой хамтраад “Амьдрал бэлэглэе” аяныг зохион байгуулж, 650 орчим оюутан залуусаас цус цуглуулжээ. Ингэснээр тайван цагийн хэрэгцээтэй цусны нормыг давахуйц хангалттай цус хуримтлуулж чаджээ. Энэ мэтчилэн цус цуглуулах олон арга хэмжээг зохион байгуулсан ба цаашид ч байнгын доноруудыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна. "Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амийг авардаг. Цусаа өгч бусдад амьдрал бэлэглэсэн тэр тус хэзээ нэгэн цагт таны амьдралд ач буянаа өгөх болно" хэмээн цусны хүндэт донор Ш.Отгонцэнд бидэнд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.
Япон улсын хүн амын талаас дээш хувийг өндөр настнууд эзэлдэг тул 2055 он гэхэд донорын хомсдолд орох магадлалтай гэсэн түгшүүрт мэдээ гарчээ. Учир нь 17-60 насныхан л донор болох боломжтой аж. Монгол Улсын хувьд донорын хомсдлоос айлтгүй. Харин ч эсрэгээрээ хүн амын олонх нь залуус юм.
Б.СОНИНБИЛЭГ