Москвагийн метрог аюултай гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Москвагийн метрог аюултай гэж үзжээ

Фото: Дмитрий Духанин / "Коммерсантъ»

 

Оросын Онцгой байдлын яам /ОБЯ/ нийслэлийнхээ метрополитенийг шалгаад 26 станц, 22 цахилгаан эрчим хүчний дэд станцуудад галын аюулгүй байдлын зөрчлийг илрүүлжээ. Яамны дүгнэлтээр гал унтраах, галын дохионы системийг бүх станцуудын 80 хувьд шинэчлэх шаардлагатай байгаа ажээ.

 

Метроны захиргаа ОБЯ-ны 2014 оны зургадугаар сард гаргасан  50 гаруй зөвлөмжийн талаар шүүхээр заргалдахаар хөөцөлдөж байна. Аврагчид шийдвэрээ гаргахдаа дөнгөж ашиглалтад орсон эсвэл засвараас гарсан станцуудад хэтрүүлсэн заавраар хандсан гэж метроны удирдлага үзэж байна.

 

Одоогийн байдлаар Москвагийн метро 196 станцтай. Газар доорх  дэд бүтэц нь 12 шугамаас бүрэлдэх бөгөөд нийт урт нь 327,5 км. Хамгийн хуучин шугам нь Сокольническая (улаан), Замоскворецкая (ногоон),  Арбатско-Покровская (хөх)-гийн шугам  бөгөөд эхнийх нь 1935 онд, нөгөө хоёр нь 1938 онд ашиглалтад оржээ. Газар доорх замыг дайны дараа үргэлжлүүлэн  барьсан бөгөөд эхнийх нь болох  Кольцевая 1954 онд, Филевская (цэнхэр), Калужско-Рижская (улбар шар) шугам 1958 онд ашиглалтад оржээ. Хамгийн хуучин станцууд  тойрог шугамын дотор талд байдаг ба  нийт 44 станцыг уран барилгын өв  гэж бүртгэжээ.

 

Цаашдын төлөвлөлтөөр 2020  он гэхэд  шинээр 78 станц барьж, замын уртыг 160 км-ээр нэмэгдүүлэх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж