МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Нэг сая гаруй иргэн амьдардаг Улаанбаатар хотыг ирэх жилүүдэд хэн удирдах вэ гэдэг нь олны анхаарал татаж буй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг хотын даргыг дотроосоо сонгох ёстой гэсэн байр суурь барьж буй. Хэн, хэн энэхүү өрсөлдөөнд орж ирж, нэр дэвшихээр яригдаж байна вэ гэдгийг тоймлолоо.
Б.МӨНХБААТАР, С.АМАРСАЙХАН НАРЫН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН БОЛНО
МАН-ын удирдлагын түвшинд хамгийн их яригдаж, хотын даргаар ажиллах боломжтой хүмүүсийн нэг бол Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар юм. Тэдний хувьд хэн хэн нь хотын даргаар ажиллах амбицтай. Одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд Ц.Сандуйг ажлаа өгснөөс хойш энэ албанд томилогдсон. Түүний хувьд хотын даргыг дотроосоо томилох ёстой гэсэн мессежийг ч төлөөлөгчдөөрөө дамжуулан өгөх болсон. Гэвч нийслэлийн МАН-ын дарга У.Хүрэлсүх болон бусад гишүүд нь Б.Мөнхбаатарыг томилуулах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Хотын даргад энэ хоёр горилогчдын хэн хэн нь боломжтой хувилбар. Гол нь ирэх 2020 оны сонгуульд нийслэлд ялалт авчрах, үлдсэн хугацаанд хотыг чамбай удирдах хүн л чухал гэдэг дээр МАН-ын удирдлагууд санаа нэгдээд байгаа сурагтай.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намын даргын бүрэн эрх. Намын дарга Удирдах зөвлөлд хэнийг, хэдэн хүн оруулж ирэхээс бүх зүйл шалтгаална. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж магадгүй гэх сураг бий. Удирдах зөвлөлийн хуралдаанд нэг эсвэл хоёр хүн оруулж ирсэн ч олонхийн саналаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс нэг л хүнийг хотын даргад нэр дэвшүүлэх бөгөөд Удирдах зөвлөл шийдвэрээ НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ. НИТХ-ын хуралдаан арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу маргааш болно. 2020 оны сонгууль хүртэл үлдэж байгаа хугацаанд сайн ажиллаж, 2020 оны сонгуульд МАН-д ялалт авчрах хүн хэн байх бол.
Ш.ЧИМЭГ