Цоожтой “Тамхи татах цэг”

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Цоожтой “Тамхи татах цэг”

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ


-“Тамхи татах цэг” байгуулах шийдвэр гарахаас бараг жилийн өмнө “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийнхөн хуулинд өөрчлөлт орохыг тааж мэдээд төсвийг нь шийдээд захиалгаар хийлгэчихсэн байсан нь хачирхмаар л асуудал-

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулснаар тамхи татах цэг байгуулах шийдвэр гараад даруй хоёр сар өнгөрч байна. Энэхүү шийдвэр гарсан даруйд шөнийн цэнгээний газар, буудал, пааб, үйлчилгээний төв зэрэг газрууд “Тамхи татах цэг” гэж нэрийдсэн хогийн савыг дотор гаднагүй байрлуулчихсан. Гэтэл хотын төвийн гудамжуудад  байрлуулсан тамхины хэдхэн цэг нь хаалттай байх юм. Жишээлэхэд, “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын дэргэд, Бөхийн өргөөний өмнө, Халдвар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо зэрэг хэдэн газарт “шилэн хорго” байрлуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хэн хаанаас, ямар зорилгоор, хэний зөвшөөрлөөр зүүсэн нь мэдэгдэхгүй цоожтой байсаар ингэж удсан хэрэг.

“Тамхи татах” цэг гэх  3*4 хэмжээтэй энэхүү байрыг ямар байгууллага, хувь хүн хэзээ, яах гэж байрлуулсныг тухайн үед нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн удирдлагууд огт мэдэхгүй, ийм цэг байгааг дуулаа ч үгүй  байсан юм. Харин саяхан тэд энэ талаар сураглаж мэдсэн бололтой. “Энэ ажлыг нэг татан буугдсан байгууллагаас зохион байгуулсан ажил юм билээ. Санхүүжилт, хийсэн ажил нь манай дүүрэгт хамааралгүй. Энэ цэгийг байрлуулахыг хуучнаар “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” гэгдэх газраас захиалж хийлгэж байсан гэсэн. Манайх хаана байрлуулахыг нь зааж өгсөн төдий” гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хэлж байна. Угтаа бол тамхи татах цэг байгуулах хөрөнгө мөнгийг  харъяа дүүргийн төсвөөс шийдвэрлэж, байршлыг нь тодорхойлохоор хуульд тусгагдсан. Гэтэл “Тамхи татах цэг” байгуулах шийдвэр гарахаас бараг жилийн өмнө “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийнхөн хуулинд өөрчлөлт орохыг тааж мэдээд төсвийг нь шийдээд захиалгаар хийлгэчихсэн байсан нь хачирхмаар л асуудал.

“Ямар учиртай “амбаар” юм байгаан мэдэхгүй. Автобус хүлээнгээ тамхи татаж байгаа бүх хүн л гадна нь зогсож тамхиа татчихаад, үлдэгдэл ишийг нь  шууд газарт хаячихаад л явж байна. Зайэзэлсэн эдгээр тамхины цэгийг буцаагаад ачсан нь дээр дээ. Ийшээ орж зогсоод тамхи татаад, үзвэр болоод зогсох хэн ч байхгүй шүү дээ” гэж “Бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд худалдаа эрхэлж байгаа иргэд ярьж байсан юм.

Мөн мэргэжлийнхэн ч тамхи татах цэг байгуулахыг эсэргүүцсэн хэвээр байгаагаа илэрхийлсээр байгаа. “УИХ-ын шийдвэрээр  тамхи татах өрөөг байгуулахыг зөвшөөрсөн нь үнэндээ ухралт болсон. НҮБ-ын Ковенцид ямар ч агааржуулалт сайтай, нарийн технологиор бүтээсэн  тамхины цэг байлаа гээд тамхидалтыг бууруулж чадахгүй. Тамхи татах цэг гэж мөнгө зарж байхаар хогийн савны тоогоо л хангалттай олшруулчих хэрэгтэй шүү дээ. Бидний хийсэн судалгаагаар тамхичдын ихэнх нь явуут дундаа тамхиа татдаг тул хогийн сав нь хамаагүй үр дүнтэй” гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Г.Цэцэгдарь ярьсан юм.

Ямартай ч УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу тамхины цэг цаашид ч барьж, байгуулах байх. Харин энэхүү ажлын нэрийдлээр орон нутгийн төсвөөс их хэмжээний төсөв гаргаж цоожтой, агааржуулалтгүй эзэнгүй цэг байгуулсныг  анхаарах нь зөв болов уу.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж