Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэдийг сэрэмжтэй байхыг онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга, хурандаа П.ЭРДЭНЭБАТ:
ДЭЭРЭМ ХИЙХ, НЭГНЭЭ ГЭМТЭЭХ, АМЬ НАСАНД НЬ ХАЛДАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА
-Энэ сар гарсаар хүний амь нас хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 4598 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллага алба хаагчид болон сонсогчдыг дайчлан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд хоёр хүн шинэ жилийн баярын арга хэмжээний дараа осгож нас барсан хэрэг гарсан. Шинэ жилийн баярын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүд дээрэм хийх тохиолдол нэмэгдэж, нэгнээ гэмтээх, амь насанд нь хүрэх тохиолдол гарч байна.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.ДУЛАМСҮРЭН:
БЕНГАЛЫН ГАЛЫГ ЦААС, САА, ХӨВӨН ШАТАМХАЙ ЗҮЙЛ ДЭЭР ХАЯЖ БОЛОХГҮЙ
-Ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байгаа учраас мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байна.
Иргэдийн гар дээрээс салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөнө. Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх. Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх хэрэгтэй. Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх. Мөн он гарсаар улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3826 удаа гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 77 хүн амь насаа алдсан байна. Үүний 33 нь том хүн, 44 нь хүүхэд. Тэр тусмаа ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх хэрэгтэй.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД:
ХУГАЦАА ДУУССАН, ШОШГЫН ЗӨРЧИЛТЭЙ, ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙНА
-Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газруудад, хүнсний худалдаа эрхлэгч ААН, иргэдийн бараанд болон шинэ жилээр түлхүү хэрэглэдэг бялуу, түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад 312 зөрчил илрүүлж, 192 зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Хаяг шошгын зөрчилтэй найман төрлийн 6000 гаруй бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авсан. Хадгалалтын хугацаа дууссан, шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй зөрчил нийтлэг илэрч байна. Баярын өдрүүдэд аймаг, нийслэлийн болон МХЕГ-т хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэд болон хууль хяналтын байгууллагаас мэдээлэл хүлээн авч, зөрчлийг шуурхай шийдвэрлэж ажиллана.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ