Тэрслүү Үг: Эрх зүйт төрийн эсрэг жагсаалд битгий оч

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Тэрслүү Үг: Эрх зүйт төрийн эсрэг жагсаалд битгий оч

Тэрслүү Үг: Эрх зүйт төрийн эсрэг жагсаалд битгий оч

УИХ-ын гишүүн М.Энхболдыг огцруулахаар МАН болон АН-ын нийлсэн 40 гишүүн  Монголын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг гацаагаад сар болох гэж байна.

Чуулганы хуралдаан, байнгын хороодын хуралдаа суухаа больсон гишүүдийг төлөөлөн  Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар Мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг  48 цагийн дотор огцрохгүй бол өнөөдөр  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсноо дуулгасан билээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ хэлсэнчлэн “Монголчууд  авлигал, албан тушаалын гэмт хэргийг эсэргүүцэж чаддаг, хууль зөрчсөн бол хариуцлага тооцож чаддаг ард түмэн гэдгээ харуулах цаг болсон” юм бол түүний хариуцлага нэхэх эхний  алхам нь ангийнх нь ЖДҮ-чид, ах нар нь байх байлаа. Нэр бүхий 14 гишүүн албан тушаалаа ашиглан жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг нь хулгайлсны төлөө тэднээс хариуцлага нэхэх аваас Л.Оюун-Эрдэнийн зорилгыг ч аргыг ч зөвтгөж болох байсан юм.

"Нохой нь нохой, гэхдээ манай нохой" гэх юм уу, хулгайч нь  хулгайч гэхдээ манай талынх гэх өнцгөөр асуудалд хандах нь өөрөө ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй, эрх зүйт нийгмийн үндэст харшилна. Нохой л бол нохой, хулгайч л бол хулгайч. Хүний өөрийн ялгаагүй даанч байхгүй нь улс төрд болж буй өнөөдрийн үйл явдлууд утгаараа, увайгүйгээр нотолж байна.

Саяхан л "Өмнө зүгт Тангад улс байгаа гэдгийг өглөө бүр сануулна" хэмээн ЖДҮ-гийн хэрэгт ам тангараг өгсөн "Нэхүүл"-ийнхэн хийгээд сарын өмнө "Бид уучлахгүй" гэж явсан нөхдүүд амаа үдсэнээс нь үзвэл захиалгат жүжиг байсан нь  цаг хугацааны явцад улам бүр ойлгомжтой болж байна. Зарим нь бүр  ЖДҮчидээ мартаж, жаран тэрбумаар сэвж эхэлснийг харахад ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм.  Хөдлөшгүй баримттай, албан тушаалаа урвуулан ашиглаж, авгай хүүхэд, ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий компаниудтайгаа хуваагаад идчихсэн олон нийтэд дэлгэгдсэн хэрэг бол ЖДҮ. Бүх баримт нь ил цагаан дэлгэгдчихээд байхад ийм хэргийн өмнө нүдээ нуугаад явж байгаа хууль батлагчдын, өөрсдийнхөө идсэн ЖДҮ-г хамгаалахын тулд эрхзүйт төрийг эзэнгүйдүүлэх, эрх мэдэл хүрэх гишгүүр нь би лав болохгүй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг нийгэмд, ардчиллыг хамгаалж үлдэхийн төлөө үлдэж байгаа юм.

Үндсэндээ, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш буюу Монгол Улсын төрийн тэргүүнээр Х.Баттулга сонгогдсон нэг жилийн дотор парламентад суудалтай гурван намд ан цав үүсч, Монголын төрийн үйл ажиллагаа бүхэлдээ гацахад хүрсэн хийгээд, бүх нийтийн нэртээ ч бүлэглэлийн сонирхлуудыг хамгаалсан жагсаал олонтоо болж буйн нэг нь УИХ-ын 40 гишүүний гудамжинд хийх эсэргүүцэл. Угтаа хууль батлах замаар эрх зүйт төрийг бүрдүүлэх, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, хүнлэг, ардчилсан нийгмийг бий болгох, байнгын ажиллагаатай парламентын гишүүнээр сонгогдсон тэдгээр 40 гишүүн гудамжинд гараад М.Энхболдыг огцруулах биш хуулиа өргөн бариад түүнийг суудлаас авч хаях эрх нь нээлттэй.

Харамсалтай нь, тэдний өрнүүлж буй улс төрийн акцыг харахад М.Энхболдыг огцруулахаас илүү эрх зүйт төрийн чадамжийг ганхуулахад оршиж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж буйг нуугаад яах вэ.

Товчхондоо, М.Энхболдыг огцруулах хуулийн гаргалгааг олох байтал, Үндсэн хууль болоод УИХ-ын хуулиа зөрчин, хүчээр хэн нэгнийг огцруулахад хүрвэл хуульгүй нийгэм бий болоход хүрнэ.  Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн өнөөдөр М.Энхболд, маргааш энэхүү хуульгүй нийгмийнхээ золиос нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр байхыг хэн мэдлээ.

Тэр тусмаа өөрсдөө хуулийн хонгил байнга ярьж, шударга бусын тухай үг хэлэх болгондоо “хавчуулж”, МАНАН-гийн эсрэг гэх мөртлөө эрх зүйт төрийнхөө эсрэг жагсаалд иргэдээ уриалж байгаа Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжээд хөхөө өвлийн хүйтэнд хөлөө хөлдөөж даанч чадахгүй нь дээ.

Нэг бүлэглэлийг дарахын төлөө нөгөө бүлэглэлийн хуульгүй тоглолтыг дэмжиж барын хавханд гүйгээд ормооргүй байна. Учир нь, монголчууд "Чонын амнаас барын аманд" гэдэг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж