ШӨХТГ “Магнай трейд”ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

ШӨХТГ “Магнай трейд”ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ өнөөдөр /2018.12.26/ мэдээлэл хийлээ.  Энэ үеэр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн АИ-92 шатахуун, арилжааны банк болон такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.


ЕСӨН АЖ АХУЙ НЭГЖИД ТУС БҮРД ЕСӨН САЯ ТӨГРӨГИЙН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

ШӨХТГ-аас  хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ.

Тодруулбал, Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл групп, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК-ийн шатахууныг шинжилгээнд хамруулсан байна. Гэтэл шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй  АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3  гэж тодорхойлогджээ.

Мөн хэд хэдэн аж ахуй нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн тогтоолоор “АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй байна гэж үзнэ” гэж заасан байдаг аж. Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэгтэй бөгөөд энэ нь эд ангид муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаарт  шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон есөн аж ахуй нэгжид тус бүрд есөн сая төгрөгийн шийтгэл, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. Харин дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй.  Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.

Мөн тэрбээр такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар дараах мэдээллийг өгсөн юм.

ТАКСИ ЭХНИЙ НЭГ КМ-Т 1000 ТӨГРӨГ, ХОЁР КМ-ЭЭС  800 ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ ГЭЖ ГЭРЭЭНД ЗААСАН БАЙДАГ

2018 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдийн хооронд такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт  шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтад Нийслэлийн тээврийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК,  “Элит ноён такси” ХХК болон бусад холбогдох байгууллагууд  хамрагдсан.  Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал  тогтоогдсон. Үүнд :

Такси үйлчилгээ үзүүлж буй 11 аж ахуй нэгж нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгж нь Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн “Нийтийн такси үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний дагуу эхний нэг км-т 1000 төгрөг, хоёр км-ээс 800 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчилж байна. Гэвч хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй авто машинууд хэрэглэгчдэд дурын үнээр үйлчилж байгаа нь хэрэглэгчдэд буруу ойлголт  өгч байна.

Такси дуудлагын  тусгай дугаар эзэмшигч “Улаанбаатар  такси трансфорт сервис” ХХК-ийн 1900-1991, “Элит ноён такси”ХХК-ийн  ноён зууч 1900-1950 нь харилцаа холбооны зохицуулах хороотой 2017 онд байгуулсан гэрээнд “Хэрэглэгчийг бусад үйлчилгээ болон гуравдагч этгээдийн үйлчилгээнд дамжуулан холбож үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж  бусад аж ахуй нэгжийн жолоочтой гэрээ байгуулан такси дуудлагын үйлчилгээг явуулж байна. Энэ нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороо, такси дуудлагын тусгай дугаар эзэмшигч аж ахуй эрхлэгчдэд  хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахыг болгосон .

ТУХАЙН САРДАА ТӨЛӨХ ЁСТОЙ ЗЭЭЛ ТӨЛӨЛТӨӨС ИЛҮҮ ТӨЛБӨР ДАХИН УРЬДЧИЛАН СУУТГАН АВДАГ БАНКУУДЫН ТАЛААРХ ГОМДОЛ ШӨХТГ-Т ИРЖЭЭ

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд  арилжааны банкуудын үйлчилгээний хураамж, үйлчилгээтэй холбоотой асуудлууд гарч байна.

Төв банкны тухай хуулийн тавдугаар  зүйлийн  5.1.7-д зааснаар  “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах” гэсэн заалт шинээр орсон.

Энэхүү заалттай холбоотойгоор Монголбанк  “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг долдугаар сарын 23-нд шинэчлэн  батлан мөрдүүлж эхэлсэн. Тус журам нь банкны хүү бодоход баримтлах зарчмыг тодорхойлох, хүү, шимтгэл, хураамжийн  мэдээллийг ил тод байлгах, хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн юм.

Гэтэл арилжааны  банкуудтай  холбоотой шимтгэл хураамж, зээлийн эргэн төлөлт зэрэг үйлчилгээний талаар, интернет банк, шимтгэл ил тод байдал гэх мэт асуудлуудаар хэрэглэгчид манай байгууллагат хандсаар байна. Иргэдээс ирсэн гомдлуудаас дурдвал:

  • Арилжааны банк хэрэглэгчдээс авч байгаа  шимтгэл хураамжийн мэдээлэл цахим хуудсандаа байршдаггүй.
  • Арилжааны банк иргэд, хэрэглэгчидтэй байгуулсан зээлийн гэрээнд заасан буцаан төлөх хуваарьтай хугацаанаас нь өмнө зээлийн төлбөрийг харилцагчийн данснаас нь татан авах
  • Тухайн сардаа төлөх ёстой зээл төлөлтөөс илүү төлбөр дахин урьдчилан суутган авах
  • Шимтгэл хураамжийн дүн өндөр байна, зээл авахад нэг хувийн  шимтгэл авчхаад давхар 25 мянган төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна гэх, интернет банкны үйлчилгээний хураамж өндөр байна гэх талаар
  • Банкууд ариун цэврийн өрөөгөөр харилцагчдадаа үйлчлэхгүй байгаа талаар
  • Үйлчилгээний соёл буюу гэрээний заалт болон холбогдох мэдээллийг үйлчлүүлэгчдэд бүрэн тайлбарлаж өгөхгүй байх гэх зэрэг гомдол мэдээлэл ирсэн.

Манай байгууллагаас Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд ШӨХТГ-ийн “Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284” төв-д ирсэн санал хүсэлт, гомдолд тулгуурлан арилжааны банкуудад албан шаардлага хүргүүлсэн.

  • Арилжааны банк нь хэрэглэгчидтэй байгуулсан зээлийн гэрээнд заасан буцаан төлөх хуваарьтай хугацаанаас нь өмнө зээлийн төлбөрийг харилцагчийн данснаас татан авах, тухайн сардаа төлөх ёстой зээл төлөлтөөс илүү төлбөр дахин урьдчилан суутган авах зэрэг асуудлыг гаргахгүй байх,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тариф, хураамж, төлбөрийн талаар хэрэглэгчдэд бодит мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр хүргэж байх,
  • Даатгалын зуучлалын үйлчилгээ  эрхэлдэг арилжааны  банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгч  нарт  зөвхөн өөрийн  хамтран ажилладаг  даатгалын компаниудыг сонгохыг тулгахгүй байх, хэрэглэгч өөрөө даатгалын компани сонгох боломжийг олгох,

Үйлчилгээ үзүүлж байгаа харилцагч, хэрэглэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах талаар шаардлага хүргүүлсэн" гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж