Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн аваргыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.
Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар Төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбараас нийт 30 хүнийг шалгаруулсан байна. Тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дотор нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулжээ.
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж өнөөдөр намайг нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аварга болгосон гэж бодож байна. Бүх санхүүгийн ажилтан, албан хаагчиддаа 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдээд ирэх 2019 оноо илүү их амжилттай угтахыг хүсэн ерөөе. Баярлалаа” хэмээв.
Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Захирагч, Хурандаа Ж.Сүх-Очир "Батлан хамгаалах салбарын хөдөлмөрийн аварга болсондоо баяртай байна. Монгол Улсынхаа болоон нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах, ирээдүй хойч үеэ эх оронч үзэлд төлөвшүүлэх нь зэвсэгт хүчнийхний үүрэг байдаг. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн бүгд хүчин зүтгэж явдаг. Манай хамт олон болоод миний бие ч энэхүү үүргээ биелүүлэхийн тулд хүчин зүтгэж явсныг маань өнөөдөр ийнхүү үнэлж байгаа гэж бодож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.