Г.Лхаахүү: Миний “Цагаан толгой”-гоор 2 сая хүүхэд оюунаа нээсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Г.Лхаахүү: Миний “Цагаан толгой”-гоор 2 сая хүүхэд оюунаа нээсэн

Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт профессор Гончигийн Лхахүүтэй ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу, та. Боловсролын салбарынхан таныг “Цагаан толгой” сурах бичгийн зохиогч гэдгээр анддаггүй. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Хэзээнээс “Цагаан толгой” сурах бичгийг зохиоход гар бие оролцож эхлэв гэдгээс яриагаа эхэлье?

-Эрхэм уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие анх Баянхонгор аймгийн Галуут сумын бригадын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үед би 16 настай, шавь нарын маань зарим нь надаас ах болон миний үеийн, надаас дүү хүүхдүүд байлаа. Тухайн үед чадварлаг сайн багш нар, сайхан хамт олон өлгийдөн авсны хүчинд сурган хүмүүжүүлэгч болсон.

Анх Монгол Улсын гавьяат багш Б.Цэвэгжав, М.Цэрэндорж нартай хамтран найман настай хүүхдийн 50 мянган ширхэг сурах бичиг бүтээж байлаа. Дараа нь зургаа, долоо настай хүүхдийн сурах бичгүүд болон “Хөгжилтэй цагаан толгой” зэргийг өөрийн багш М.Базаррагчаа болон шавь нартайгаа хамтран бичсэн. Мөн 1990-ээд онд хот, хөдөөгийн сургууль завсардсан болон хүүхдийн хориход хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулан түргэвчилсэн “Цагаан толгой”, монгол хэлний сурах бичиг зохион хэвлүүлж, орон нутгаар биечлэн очиж сургалт явуулсан нь чухал үр дүнгээ өгч байсан түүхтэй.

Эргээд бодоход би 30 гаруй жилийн хугацаанд зургаан “Цагаан толгой”, таван “Монгол хэл”-ний сурах бичиг бүтээжээ. Заах арга зүйн сурах бичиг нийлээд 20 гаруй сурах бичиг бүтээсэн байдаг. Хамгийн сайхан нь, энэ хугацаанд зөвхөн миний зохиосон эдгээр сурах бичгүүдээр 2 сая хүүхэд бичиг үсэгт тайлагдан оюуны мэлмийгээ нээсэн юм.

-Үнэхээр бахархмаар юм аа. Олон жил сурах бичиг зохиосон багшийн хувьд одоогийн хэрэглэж байгаа сурах бичигт ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Бидний бичсэн хуучны сурах бичигт, хүндэтгэх ёсон, монгол уламжлалт ёс заншил, мал аж ахуйн тухай түлхүү туссан байдаг. Өнөөгийн сурах бичигт монгол ахуй, ёс заншил арай л хомс туссан нь ажиглагддаг.

Миний бичсэн, тендерт шалгарсан, сонирхолтой, хөгжилтэй хэлбэрийн цагаан толгойг дунд сургуульд хэрэглэхгүй байна. Цэвэгжав багш бидний бичсэн сурах бичгийг өөрчлөхдөө үгийн сонголтоо хүнддүүлсэн. Сурах бичгийг нээхэд хүүхдийн шохоорхол татахаар, сонирхох зүйл нь их байж, бага зүйлээр  их юмыг сургахад л чиглэсэн байвал зүйтэй юм.

Зүйр цэцэн үг, оньсого, үлгэр гэх мэт ардын аман зохиолыг орчин үеийн танин мэдэхүйн мэдээлэлтэй хослуулан сурах бичигт тусгавал сайн байна. Энэ талаар би сурах бичиг бичдэг шавь нартаа зөвлөдөг.

-Сургалтын хөтөлбөрөөс унших бичгийн хичээл хасагдаад хэдийнээ 13 жил болжээ?

-Уншина гэдэг нь бүх зүйлийг гүнзгий сурч, мэдэхийн суурь юм. Манай хууччуул эрт үеэс хүүхдэд үлгэр ярьж, оньсого таалгаж, зүйр цэцэн үг хэлж чихийг нь онгойлгодог байж ээ. Энэ нь хөгжсөөр “Цагаан толгой” үзэж цаашлаад унших бичгийн хичээлээр дамжуулан оюун ухаан, танин мэдэхүй, хэл яриа нь тэлж, хөгжихийн зэрэгцээ уран зохиол, шинжлэх ухаан танин мэдэхүй ном товхимлыг шимтэн уншдаг хүмүүжлийн чухал ач тустай хичээл болсон. Намайг багшилж байхад ”Унших бичиг”-ийн хичээл долоо хоногт 3-4 цаг ордог, уг хичээлийг хүүхдүүд бүр хүлээдэг байсан. Харин өнөөдөр “Монгол хэл”-ний хичээлийн эхийг унших төдийд байгаа нь туйлын харамсалтай юм.

Одоогийн хүүхдүүдийн яриа нь орчуулгын хэдхэн үгэнд эргэлдэж, энэ сайхан яруу тансаг хэлээрээ ярьж чадахгүй болсон нь унших бичгийн хичээлийг хөтөлбөрөөс хассантай шууд холбоотой.

-Тэгэхээр бага насны хүүхдийн ном унших эхлэл нь тавигдах цаггүй болж ээ?

-Үүнд би ахмад багш хүний хувьд маш их эмзэглэдэг. Хүүхэд оюун ухаанаа тэлж, аливааг танин мэдэж, яруу тансаг баялаг эх хэлний гайхамшгийг мэдэлгүй хоцорч, хэл яриа нь тун ядмаг, мохоо боллоо. Мөн унших бичгийн хичээл нь хүүхдийн мэдлэгийн цар хүрээг тэлдэг онцлогтой. Бага наснаасаа ном уншаагүй хүүхэд сайн  номыг олж уншиж чадахгүй нь аргагүй юм.

-Ямар шалтгаанаар сургалтын хөтөлбөрөөс “Унших бичиг”-ийн хичээлийг хасаж, хүүхдийн ном унших цагийг багасгасан юм бол?

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам/БСШУЯ/-наас анх тайлбарлахдаа, хүүхдийн хичээлийн цаг хэт олон тул ачаалал ихдээд байна. Тиймээс “Унших бичиг”-ийн хичээлийн агуулгыг монгол хэл, иргэний боловсрол, хүн ба орчин гэсэн хичээлүүдэд шингээлээ гэсэн. Тухайн үед багш нар хэвийн л хүлээж авсан. Хэдэн жил ажиглатал хүүхдүүдийн ном унших чадвар муудаж, номд дургүй болсон нь илт мэдрэгдсэн.

-“Унших бичиг”-ийн хичээлийг эргэн сэргээх талаар багш нар БСШУЯ-нд хүсэлт гаргаж үзсэн болов уу?

-Одоогоор багш нараас хүсэлт гаргасан тухай дуулдахгүй л байна. Миний хувьд хүсэлт тавих бодолтой байгаа.

Саяхан Блүүмбэрг  /Bloomberg/ телевизээр МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян “Унших бичиг”-ийн хичээлийг  буцааж, сургалтын хөтөлбөрт оруулмаар байна гэж ярьсан нь  ихэд таатай санагдсан.

-Хэдхэн жилийн өмнө дунд, ахлах ангийн уран зохиолын хичээлийг мөн л хасах тухай шийдвэр гарах шахсан?

-Тэр шийдвэр болчимгүй зүйл болох дөхсөн. Хүүхэд уран зохиолын хичээлээр дамжуулан, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчид Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Явуухулан, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Т.Галсан гэх мэт зохиолчдын сор болсон бүтээлтэй танилцсанаар, яруу найраг, утга зохиолын сайханд шимтэн дурладаг. Улмаар би яавал энэ хүмүүс шиг болох вэ? гэж бодож эрэл хайгуулд морддог. Нэгэнт эрэлд мордсон хүүхэд заавал нэг сайн, сайхан зүйлд хүрдэг. Хүн бүр зохиолч, яруу найрагч болох боломжгүй ч номд нэгэнт шимтсэн хүүхэд олон зүйлийг танин мэдэх төдийгүй эх хэлний дархлаатай болдог.

-Монголын залуус ном уншихгүй, түүхээ судлахгүй байгаа нь харийн бодлоготой холбоотой гэж  судлаачид, эрдэмтэд ярих болж. Энэ талаар таны бодлыг сонсвол?

-Үүнийг яг  батлах боломжгүй ч бас үгүйсгэх аргагүй юм. Зарим үед мэдээ сонсож байхад манай улсыг гадаадын аль орны, ямар хүмүүс удирдаад байна вэ гэж эргэлзэхээр санагддаг шүү. Хэрэв тийм зорилготой харийн хүн байдаг бол, далд бодлогоо бидэнд хэлэхгүй нь лавтай.

-Орчин цагт дүрмийн алдаагүй бичдэг хүн ховордож байна. Багш болгоны зохиосон зөв бичгийн дүрмийн толь нь хоорондоо их зөрүүтэй. Алийг нь зөв, алийг нь буруу гэж үзэх юм бэ гэдэг ч ойлгомжгүй болж хувирсан. Цэгцэлж, зөв дүрмээ дагадаг болох ямар гаргалгаа байна вэ?

-Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор гуатай хамтран 1983 онд монгол хэлний зөв бичгийн дүрмийн толь гаргасан байдаг. Тухайн үеийн хүмүүс ч зөв сайхан бичдэг байлаа. Харин 1990 оноос хойш ардчилал гэх зөв зүйл нь буруугаар эргэсэн. Бүх юм гажуудаж салбар бүрд хариуцлага суларсан. Энэ нь багш, сурагчдад муугаар нөлөөлж бичгийн хэл, ярианы хэл ялгагдахаа больсон. Өнөөдөр байгууллагуудын ханан дээрх танилцуулга, зарлал, телевизээр гарч буй үг өгүүлбэр, гудамж талбайн сурталчилгааны самбар дээрх бичгийн ихэнх нь алдаатай болсон. Төр болон Боловсролын яамны бодлогоор нарийн зохион байгуулалтад оруулах шаардлагатай.

Мөн хэвлэл мэдээллийн салбар, төрийн албан байгууллагууд дэргэдээ хэлний мэргэжилтэнтэй болж, бичиг баримтаа хянуулдаг байвал зохилтой.

Ингэж зохион байгуулалтад орж гэмээ нь дээрх гажуудал арилна. Ер нь XXI зууны иргэд зөв сайхан бичиж, бичгийн хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнийг эзэмшиж чадаагүй хүн бол соёлжоогүй, боловсроогүйн шинж юм.

-Та гоё сайхан бичгийн талаар сая дурдлаа. Бичгээр нь хүнийг дүгнэх боломжтой юу, ямар хүн цэвэр сайхан бичигтэй байдаг вэ?

-Хичээнгүй бичгийг 1-9-ээр анги хүртэл заах ёстой байдаг. Үүний дараа тухайн хүний бичиг тогтдог. Хүн болгон гоё бичих боломжгүй ч, хэн ч уншихаар гаргацтай бичдэг байх хэрэгтэй. Зөв сайхан бичих нь хүнд гоо зүйн хүмүүжил олгодог. Ер нь сэтгэлгээний ур, нүдний ур, гарын ур гурав нь нэгдэж гоо зүйн мэдрэмжтэй нь хосолсон хүн сайхан бичигтэй байдаг.

-Багш, эцэг эхчүүд хүүхдэдээ суурь боловсрол сайн эзэмшүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

– Аливаа зүйлийн суурь зөв тавигдах нь амжилт гаргахын эхлэл юм. Залуу багш нар ажил мэргэжилдээ дур сонирхолтой, зүрх сэтгэлээсээ хандаж уйгагүй ажиллах хэрэгтэй. Тэгж гэмээ нь сайн багш болно. Сайн багшийн үгийг хүүхэд ээж ааваасаа илүү дагадаг. Эцэг, эхчүүд багшийн заасны дагуу хамтран ажиллах шаардлагатай юм.

-Зургаан настайгаасаа эхэлж нэгдүгээр ангид элсэн суралцдаг боллоо. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Өнгөрсөн жил би говийн аймгуудаар явж энэ асуудлаар олон сургуулиар орж, багш нартай уулзсан. Зургаан настнууд сүрхий сурч буйг ажигласан. Гэвч манай зургаан настай хүүхдийн сурах чадвар нь дэлхийтэй зэрэгцэж  буй ч, нийгмийн хөгжил маань 50-100 жилээр хоцроод байна. Энэ нь орон нутгийн багш, эцэг эхэд хүндрэлтэй тул долоон настайд нь нэгдүгээр ангид элсүүлсэн нь зөв гэсэн бодолтой явдаг. Ер нь бага насны хүүхдийн хараа, сонсголыг онгойлгож үг хэлийг нь зүгшрүүлж байж эрдэм сургах ёстой юм. Олон улсын жишиг дагана гээд гадаад орны сургалтын хөтөлбөрийг шууд хуулах нь буруу юм.

-Сурах бичиг нэг талдаа бизнес болж хувирч байна?

-Нэн тэргүүнд сургалтын хөтөлбөрийг, сурах бичгийг тогтвортой ашиглаж, нэг сурах бичгийг арван жил тогтвортой үзэхгүйгээр ач холбогдлыг нь мэдэх боломжгүй. Мөн багш нарын дунд явуулдаг сурах бичгийн санал хураалтаа шударга явуулдаг болохын зэрэгцээ тендерт шалгарсан сурах бичгийг ашигладаг болгомоор байна.

Миний бичсэн 6,7 настай хүүхдийн сурах бичиг тендерт ялсан ч сургалтын хөтөлбөрт оруулаагүй. Харин миний уг номын агуулга, арга зүй нь сайн, зоригтой өөрчлөлт хийсэн, дизайнтай гэж өндөр үнэлэгдсэн тухай яамны шалгаруулалтын комиссоос надад бичиг ирүүлж байсан.

-Бид бүхэн ирээдүйн боловсролтой иргэдийг бэлтгэхэд цаашид юуг онцгой анхаарах ёстой вэ?

-Монголын ирээдүйг боловсролтой иргэд авч явна. Иймд  хүүхэд залуусыг ямагт зөв хандлагатай иргэн болгож төлөвшүүлэх ёстой юм. Өнөөгийн зарим хүүхэд зөв, бурууг ялгахгүй байна. Мөн сурагчид багшийг дээд зэргээр хүндэлдэг байх хэрэгтэй. Үүнд эцэг эх, багш нар хоорондоо нандин харилцаатай байхаас гадна хүүхэд багшийгаа хүндэлж байж л эрдэм сайн сурна.

Цаг зав гаргаж сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж