Сэтгүүлчийн үхэл хувьсгал өдөөв

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн үхэл хувьсгал өдөөв

Засгийн газартаа итгэх итгэл найдвараа алдсан залуу сэтгүүлч өөрийгөө шатаан “зулын гол” болсноор ард түмнийг тэмцэлд уриаллаа. Үзгийн хурцаар ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцдэг сэтгүүлч өөрийгөө шатаан амиа хорлоход хүргэсэн Тунисийн засгийн газрыг ард түмэн эсэргүүцэн босчээ. 32 настай сэтгүүлч Абдел Разак Зорги даваа гаригт  хүнд түлэгдэлтийн улмаас нас барж, түүнийг оршуулах ёслол эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн болон хувирчээ. Улс орныг хамарсан бослого тэмцэл сэтгүүлчийн төрсөн хот Кассеринегаас эхэлжээ. Жагсаал, мөргөлдөөний үеэр аюулгүй албаны зургаан хүн гэмтэж бэртсэн болохыг Тунисын дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан гэж мэдэгджээ. Абдел Разак Зорги өөрийгөө галдан шатаах үйл явцыг видео бичлэг болгон үлдээсэн ба “Энэ хотод амьдрах арга алга. Би өнөөдөр өөрийгөө шатаан хувьсгалд уриалан дуудаж байна” хэмээжээ. Тунисийн сэтгүүлчдийн эвлэлээс түүнийг амиа хорлохоос өмнө хэвлэлийн салбарт  ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байсныг мэдэгдсэн байна.

Кассерине хот нь Тунисийн нийслэлээс 270 км зайтай оршдог. Өмнө нь 2010 оны сүүлээр тус хотноо цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн гудамжны худалдаа эрхлэгч өөрийгөө галдан шатааснаар Тунист орон даяар эсэргүүцлийн жагсаал, тэмцэл өрнөсөн ба удалгүй Арабын ертөнцийг донсолгосон хувьсгал эхэлсэн билээ. “Арабын хавар” гэгдэх хувьсгалын улмаас Ливи, Сири, Йемен улсад иргэний дайн эхэлж, бүс нутгийн өөр дөрвөн улсад төрийн эргэлт болсон юм. Тунисаас эхэлсэн энэхүү тэмцэл Египет, Ливи гэх мэт арабын улсуудын дарангуйлагчдыг түлхэн унагааж, сайн сайхан ирээдүйг авчирна гэсэн хөдөлгөөнийхний итгэл үнэмшил, ард иргэдийн хүсэл зоригийг биелүүлж чадаагүй. Бослого тэмцлийн үр дүнд Тунисийн төрийн эрхийг удаан хугацаанд барьсан дарангуйлагч Зин аль-Абидин Бен Алиг суудлаас нь буулгаж, ардчилсан нийгэмд шилжсэн. Гэвч эдийн засгийн өсөлтийг сэргээж, ядуусын амьдралын түвшнийг нэмэгдүүлэх гэсэн Тунисийн эрх баригчдын оролдлого тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Хойд Африкийн хамгийн байрлал сайтай, Европ руу гарах гарц ч гэж хэлж болох Тунис улс сүүлийн 20 жилийн туршид үндэстэн, шашин хоорондын мөргөлдөөний золиос болж буй. Хүнд болон хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал ихээр хөгжсөн энэ улс дотоодын авлига, хүнд суртал, зохион байгуулалттай бүлэглэлийн харалган бодлогын улмаас өнгөрсөн 2017 онд ОУВС-аас тусламж авахаар болсон. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу тус улсад гурван жилийн хугацаатай 2.9 тэрбум ам.долларын зээл олгож, төрийн өндөр албан тушаал хашигсдын цалинг тодорхой хэмжээгээр бууруулан, элдэв халамжийг цөөлж, өндөр орлоготой иргэдэд тавих татварын хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргаад байна. Гэсэн ч инфляц тэнгэрт тулж, Тунисийн мөнгөн тэмдэгт динарын ханш үнэгүйдэж,  ажилгүйдэл газар авсан зэрэг нь ард түмнийг туйлдуулж гүйцжээ. Тунисийн ард иргэд 2018 он гарснаас хойш олон удаа Засгийн газрын эсрэг жагсаал өрнүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж