Аваргуудын лигийн 1/8 шигшээд Английн “Челси” талбайдаа Францын “ПСЖ”-ийг хожиж чадалгүй, 2:2-оор тэнцсэнээр дараагийн шатанд шалгарч чадаагүй. Бүтэн цаг хагасын турш баг нь нэг хүнээр илүү тоглосон хэрнээ ялалт байгуулж чадаагүй талаар Жозе Моуриньо өөрийн бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр өрсөлдөгчийгөө илүү сайн тоглосон гэж хэлжээ.
“Би хожигдлын үндсэн шалтгааны талаар хөлбөмбөгчидтэй тайван ярилцахыг хүсч байна. Тэд талбай дээр юу мэдэрснийг сонсож байгаад түүнээс гаргалгаа хийж бодох хэрэгтэй байх. Бид тааруухан тоглолоо. Өрсөлдөгчид биднээс илүү байж, дарамтыг биднээс илүү хөнгөхөн давж чадлаа. Тэд цөөхүүлээ үлдсэн болохоор алдах зүйл байсангүй. Харин бидэнд ийм нөхцөлд заавал хожих ёстой гэсэн бодол дарамт болов. Бид энэ дарамтыг л давж чадсангүй. Стандартаас хоёр гоол алдлаа. Ийм зүйлийг зүгээр хүлээн авахад их хэцүү.
Өнгөрсөн улиралд бид Парист 3:1-ээр хожигдсон. Тийм учраас бид хариу тоглолтод эргэлзэх бодох зүйлгүй, гоол оруулахын тулд тоглосон тул дарамт гэж байгаагүй. 1:1 бол их аюултай дүн. Бид хожихыг хичээсэн. Гэвч олуулаа үлдчихээд дарамтаа даасангүй.
Зарим тоглогчид тааруухан байлаа. Ер нь өрсөлдөгчид багийн тоглолтоороо биднээс илүү гарлаа. Тиймээс тэд баяраа зүй ёсоор тэмдэглэх эрхтэй. Тоглолтын дараагаар би хөлбөмбөгчиддөө хэлсэн, “Уурлаж бухимдсандаа хаалга цөм өшиглөж, ширээ хэмхлэх санаа алга” гэж. Бид тайван сууж байгаад бүтэлгүйтлийн шалтгааныг үнэлж дүгнэх хэрэгтэй” гэж Моуриньо ярьсан байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn