УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд өнөөдөр /2018.12.26/ Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэд маргааш "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал"-ын үеэр аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газруудтай хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийг хүслээ. Жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг, согтууруулах ундаа хэмжих, камержуулах зэрэг аюулгүй байдлыг хангадаг. Одоо ч энэ бэлтгэлийг хангасан байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Жагсаал зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн жагсаалын аюулгүй байдлыг хангах үүднээс өнөөдөр та бүгдийг хүлээн авч уулзлаа. Жагсаалын үеэр цүнхтэй хүн оруулахгүй байх, эмх замбараатай хийх шаардлагатай байна. Жагсаалд ирж байгаа иргэд ч аюулгүй орчинд үгээ хэлэх нь гэсэн ойлголт, жишгийг тогтооё гэж хүсч байна. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллахыг хүсч байна.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга хурандаа, Ж.Амгалан:
-Маргаашийн жагсаал зохион байгуулагчдаас хуулийг чандлан биелүүлэх, олон нийтийг турхирах үйлдэл гарвал зохион байгуулагчид хариуцах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Жагсаал, цуглааны зөвшөөрөл бол тодорхой цэг, цаг хугацаатай байдаг. Сүхбаатарын талбайд зөвшөөрөл аваад, Төрийн ордныг тойрох гэх мэт асуудал үүсдэг. Тиймээс энэ чиглэлд зохион байгуулагчид онцгой анхаарч ажиллахыг санууллаа.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл:
-Маргааш зохион байгуулах жагсаал хуулийн хүрээнд явагдах арга хэмжээ гэдгийг хүсэлтээрээ илэрхийлснийг холбогдох байгууллага хүлээж авсан. Мөн зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг хангах, харилцан ярилцах ёстой. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн хангах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байх шиг байна. Манайд зохион байгуулдаг бүх жагсаал Сүхбаатарын талбай, Төрийн ордны өмнө байдаг. Тиймээс төрийн тусгай хамгаалалттай газар байдаг учраас холбогдох байгууллага арга хэмжээ авч ажиллана. Миний хувьд 2016 оноос хойш Цагдаагийн байгууллагатай хамтран жагсаал, цуглаан зохион байгуулах ажилд анхаарч, зохион байгуулж, аюулгүй байдлаа хангаж ирсэн гэдгийг онцолж хэлмээр байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ