Засгийн газар хэзээ элэг бүтэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар хэзээ элэг бүтэн болох вэ?

Засгийн газар хэзээ элэг бүтэн болох вэ?

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам, агентлагаар сонин юутай байна” буланг хүргэдэг. Бид энэ удаад сайдыг нь чөлөөлж буй яамдыг онцолж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар элэг бүтэн болж чадаагүй л байна. Ялангуяа энэ  Засгийн газрын  Зам тээврийн хөгжил/ЗТХ/-ийн сайдын суудал тун ч ээлгүй. У.Хүрэлсүхийн Засгаас анх тус яамны сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ томилогдон очсон ч өнгөрсөн наймдугаар сард хүн амины ноцтой хэрэг гарсан, төмөр замын том осол гарсан зэргээс шалтгаалж, өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм. Ингээд намрын чуулганаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилсон. Гэвч энэ нь богино настай томилгоо байв. Учир нь Я.Содбаатарын хамаарал бүхий буюу түүний эхнэрийн компани  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэгдсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮ-д холбогдсон танхимын сайд нартаа хариуцлага тооцохыг олон нийт болон бүлгийн гишүүд нь шаардсан учир ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөх өргөдөл хүсэлт гаргасан юм.

Ийн очсон сайд нь тогтдоггүй ЗТХЯ-ны дараагийн томилгоо УИХ-аар орох хугацаа хангалттай байсан ч Засгийн газрын гишүүд болон нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж чуулганы хуралдааныг бойкотлоод дөрөв дөх долоо хоногтойгоо золгож байна. Чуулганы ирцийг бүрдүүлж төрийн ажлыг урагшлуулахыг УИХ-аас  хэдэнтээ сануулж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч тусыг эс олсон.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХААХҮЯ/-ны сайдын суудал эзэнгүй байна. Тус яамны сайд Б.Батзориг  ЖДҮХС-гийн зээлд  холбогдсон тул албан тушаалаас нь чөлөөлсөн. Ингэхдээ тус яамны шинэ сайдын нэр хэдийнээ тодорхой болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох санал гаргаж, энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс тус яамны сайдын томилгоо сунжирч байна.

Монгол Улс түүхэндээ хахир өвлийн хүйтэнд анх удаа ХХААХҮ-ийн сайдгүйгээр мал тооллогын ажлыг эхлүүлж, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед энэ салбар эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчдад буудайгаа худалдаалах асуудал тодорхойгүй болсон зэрэг сайдгүй яамны ажил урагшлахгүй нь лавтай.

Мөн сайд нь чөлөөлөгдөх дараагийн яам бол БСШУСЯ юм. Тус яамны сайд Ц.Цогзолмааг “Кабинетынхаа эсрэг ажиллаж, Засгийн газрыг огцруулах кноп дарсан" гэх үндэслэлээр  Ерөнхий сайдын зүгээс огцруулах санал гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн.

Улмаар дээрх асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн ч чуулганаар эцэслэн шийдээгүй байгаа юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Би сүүлийн нэг сар маш хүнд байдалд ажиллаж байна. Ажлаа өгнө гээд хэлчихсэн байдаг. Ажлаа өгнө гэчихээд яаман дээрээ очоод суугаад байх хэцүү. Ер нь хүнийг ёс зүй удирддаг. Тийм болохоор  өдөрт хийх ёстой сайдын ажлуудаа таслахгүй хийгээд л явж байна. Чуулганаар ороод л чөлөөлөгдөх  учраас хугацаагаа хүлээгээд л сууж байна. Уг нь сайдын ажлаа хурдан өгмөөр байна. Манай салбар маш том, дараагийн хүн нь ирээд ажиллах хэрэгтэй. Би хэдийгээр ажлаа өгье гээд хүлээж байгаа ч ирэх жилүүдэд явагдах томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа хүртэл анхаараад, хагас бүтэн сайнгүй ажиллаж байна” гэсэн юм.

БСШУС-ын дараагийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг горилж байгаа сурагтай.

Түүнчлэн Төрийн нарийнгүй хэд хэдэн яам бий. Тухайлбал, ЗТХ-ийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр төрийн ажлыг явуулж байна. Тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ жинхлэх нь мөн л тодорхойгүй хүлээгдэж буй. Засгийн газраас захиалсны дагуу ЗТХЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтыг зарласан байгаа гэнэ. Харин ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлах захиалга Төрийн албаны зөвлөлд ирээгүй байгаа аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг хүнийг албан тушаалаас нь огцруулахад хамаг анхаарлаа хандуулахаасаа илүүтэй Засгийн газраа элэг бүтэн болгох нь юу юунаас  илүүтэй чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж