Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрөө болон хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл тархаад байгаа. Тэдгээр гишүүдийн нэг нь Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Д.Дамба-Очир. Энэ талаар АТГ-аас өчигдөр /2018.12.25/ мэдээлэл өгөхдөө “УИХ-ын нэр бүхий гишүүд ирж, гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Хамаарал бүхий компаниуд нь зээл авсан учраас нөлөөлсөн эсэх талаар мэдүүлгээ өгөөд явж байгаа. Нэлээд олон гишүүн мэдүүлэг өгсөн. Маш олон аж ахуйн нэгжийг хамарсан байгаа учраас АТГ бүх мөрдөн байцаагчаа дайчлаад дээр нь цагдаагийн байгууллагаас албан хаагч оролцуулаад ажиллаж байна. Манайхаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээ гаргасан. Прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэж буй талаар одоогоор мэдээлэл байхгүй” гэсэн юм.
АТГ-аас Д.Дамба-Очирыг “Сапфир стоун” компанитай холбон шалгаж байна. Тус компани нь ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр 1.2 тэрбум төгрөг тус компанийн дансанд шилжин орсон байна. “Сапфир стоун” нь 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр байгуулагджээ. Нийт нэг сая төгрөгийн дүрмийн сантайгаар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэ тухайд Д.Дамба-Очир гишүүний өмнө хэлсэн ба өнөөдөр өгч байгаа хариултыг VS булангаараа хүргэе.
2018.10 сар
-ЖДҮ-ээс гишүүд зээл авсан асуудлын тухайд бол энэ нь ёс зүйгүй асуудал. Миний хувьд ЖДҮ-ийн сангаас зээл аваагүй. Хөгжлийн банкны асуудлаар ч тэр, бондын асуудлаар ч тэр Д.Дамба-Очир гэдэг хүний нэртэй холбоотой ямар нэг зээл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Албан тушаалаа ашиглан зээл авсан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.
2018.12 сар
-Нэг компанийг дэмжиж зээл өгөхийг хүссэн бичиг явуулсан. УИХ-ын гишүүд бүгд л ийм хүсэлт гаргадаг. ЖДҮ-гээс зээл авсан компани надтай огт хамааралгүй. Намайг АТГ-аас дуудаж “Энэ компани тантай холбоотой юу”гэж асуусан. Надтай хамааралгүй гэдгээ хэлсэн. Хуулийн байгууллага шалгах нь зөв. Сайн шалгаж үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй.
Б.БАТ
Холбоотой мэдээ