“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн удирдагч Ж.Лувсандандарыг урилаа.
-“Эрдэнэбүрэн УЦС” төсөл олон жилийн турш яригдаж байгаа ч хэрэгждэггүй төслүүдийн нэг. Үүний шалтгаан юу вэ?
-Өмнөх Засгийн газрын үед концессийн гэрээгээр барих тогтоол гарсан. Ингээд тендер зарлан компаниуд орж ирсэн ч худалдах, худалдан авах эсэх нь тодорхойгүй. Мөн ТЭЗҮ-г нь олон жилийн өмнө хийгдсэн учир үндэслэл муутай, эрсдэлтэй гэж үзээд энэ тендерт оролцох сонирхолгүй байсан.
Харин энэ Засгийн газрын үед хөрөнгө оруулалтыг нь Хятадын хөнгөлөлттэй зээлд хамруулах тогтоолыг өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн гэж ойлгож болно.
–Тэгвэл ажил хэзээ эхлэх вэ. Хөрөнгө оруулагч талтай үл ойлголцол үүссэн гэх мэдээлэл гарч байсан шүү дээ?
-Ойлголцохгүй байгаа зүйл байхгүй. Хятадын Экзим банкнаас “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын 10 гаруй жилийн өмнө хийсэн ТЭЗҮ-г өөрчлөх шаардлага тавьсан. Тиймээс ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг зэрэг явуулснаар тухайн банкны тавьж байгаа шаардлагыг хангах боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө оруулагч талаас өөрийнхөө техник технологийг хамруулсан байхыг шаарддаг. Энэ зарчмаар ажиллаж байна. Хэрэв бид дээрх шаардлага, нөхцлийг хүлээн зөвшөөрвөл энэ Засгийн газрын үе буюу 2020 оноос өмнө төслөө эхлүүлэх боломжтой.
–Төсөл хэрэгжсэнээр хамрах хүрээг зөвхөн баруун гурван аймагт хамааруулж ойлгох нь өрөөсгөл хэмээн тайлбарлаж байсныг тань сонсч байсан. Энэ талаар?
-“Эрдэнэбүрэнгийн УЦС” зөвхөн баруун аймагт чухал хэрэгцээтэй төсөл гэж харж болохгүй. Учир нь энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний салбарт стратегийн ач холбогдолтой юм. Яагаад гэвэл “Эгийн гол”, “Шүрэн”, “Орхон говь” төсөл ОХУ-ын хараат байдлаас үүдэн саатаж, зогсонги байдалд орсон. Тэгэхээр бид үндэсний хэмжээний, стратегийн өндөр ач холбогдол бүхий усан цахилгаан станцаа ашиглалтад оруулснаар баруун бүс нутаг бүхэлдээ цахилгаан эрчим хүчний хэрэглээний Оросын хамаарлаас гарчихна. Нөгөөтэйгүүр баруун таван аймгийн хэмжээнд нэгдсэн систем үүсэх бололцоотой. Мөн илүүдэл цахилгаанаа төвийн бүс рүү нийлүүлэх боломжтой.
-“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын өмнө нь баталсан хүчин чадлыг нэмсэн тухай ярьж байна. Үүнийг тодруулж өгнө үү?
-2008 онд ТЭЗҮ боловсруулахдаа яагаад алгуурласан бэ гэхээр нэг мВт эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт 4.2 сая ам.доллар байсан нь өндөр дүн учраас хүчин чадлыг нь бага тогтоосон гэж харж байгаа. Харин одоогийн нөхцөл байдлын тухайд эдийн засгийн хувьд ашигтай, стратегийн ач холбогдолтой нь уялдуулан хуучин төлөвлөсөн зургийг өөрчлөхгүйгээр хүчин чадлыг нь 96-100 мВт болгох боломжтой гэдгийг Хятадын мэргэжилтнүүд өнгөрсөн онд ирж ерөнхий үнэлгээ хийсэн. Тэгэхээр төслийн ТЭЗҮ-гээ боловсруулах хөрөнгийн асуудлыг Хятадын компани өөрсдийн хөрөнгөөр хийгээд эрсдэлээ даагаад явъя гэдэг саналаа салбарын яаманд хүргүүлсэн байгаа. Одоогоор яамны зүгээс эцсийн шийдвэр гараагүй байна.
–Шийдвэр гарахгүй удаж байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ. Саяхан баруун гурван аймагт цахилгаан тасрахад хүнд байдалд орлоо. Эндээс харвал бид гадныхнаас хамааралгүй ажиллах боломжтой эрчим хүчний төслөө хөдөлгөх хэрэгтэй гэсэн сануулга гэж зарим шинжээч хэлж байна лээ?
-Яагаад шийдвэр гарахгүй байгааг бид хэлж мэдэхгүй. Нөгөөтэйгүүр манай улсын улирлын нөхцөл байдлаас хамааран өвлийн улиралд бүтээн байгуулалтын ажил хийх боломж хомс. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэх эхний хэсгийн ажил ирэх хавраас эхлэх болов уу. Ер нь байгалийн хүчин зүйлийг даван туулахад усан цахилгаан станцын ач холбогдлыг баруун аймгийнхан мэдэрсэн байх. Учир нь сая үүссэн нөхцөл байдлын үед “Дөргөний усан цахилгаан станц” өөрийн хүчин чадлын хэмжээнд төрийн байгууллага болон онцгой объектийг аюулгүй байдалд байлгасан. 10 жилийн өмнө барьсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барих шийдвэр зөв байсныг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед нар болон салхин станцын тухай ярьж байна. Энэ нь байгалиас хамааралтай учраас байгалийн хүчин зүйлийн өмнө хүч мөхөсдөх эрсдэл бас бий. Харин усан цахилгаан станц тохируулагчтай учраас 3-5 минутад зохицуулалт хийж болох учраас сэргээгдэх эрчим хүч хөгжинө.
–Энэ төсөл хөдлөхөд гацаа үүсгэж байгаа ямар асуудал байна?
-Хэдийгээр Хятадын Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлсэн ч Экзим банкны шаардлагаар ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг дариухан хийх хэрэгтэй. Бид энэ ажлаа богино хугацаанд хийж чадвал энэ төсөл хөдлөхөд гацах зүйл байхгүй.
–Нөгөөтэйгүүр төсөлд хөрөнгө оруулалт хийх талын тавьж байгаа шаардлагад тухайн улсын ажиллах хүч, техник технологийг ашиглахыг хүссэн гэдэг. Орон нутгийн иргэдийн тухайд энэ шаардлагыг хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Би Тайширын төслийг удирдаж бүтээн байгуулалтыг нь хийж ашиглалтад оруулж байлаа. Энэ хугацаанд 600-700 ажилтныг хөрөнгө оруулагч талаас авч ажиллуулсан юм. Хэрэв бид аливаа асуудлыг улстөржүүлэх, өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийг зоривол ямар ч ажил бүтэхгүй. Үүнийг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Тиймээс бид ирээдүйд эдийн засагт томоохон хөшүүрэг болох төслөө хөдөлгөх нь зүйтэй. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарт стратегийн ач холбогдолтой төсөл гэдгийг үгүйсгэх аргагүй.
–Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгал татрах эрсдэлтэй гэж байсан. Энэ тал дээр?
-Усан цахилгаан станц гэдэг бол усан сангаа бүрдүүлэхэд голын усыг багасгана. Гэхдээ голын эх ундарга ширгэж алга болдоггүй гэдгийг бид Тайширын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр баталж байна. Тухайн үед Завхан голыг дуусгаж байна гэх бойкот мөн ч их явсан. Гэтэл одоо Завхан гол ундарга сайтай, тогтмол урсгалтай байгаа шүү дээ. Мэдээж төслөө хэрэгжүүлэхдээ бүх талын эрсдэлийг судалж тооцоолохын сацуу ТЭЗҮ-г хийхдээ байгаль орчны үнэлгээг ч мэргэжлийн өндөр төвшинд хийж батлуулах учраас санаа зовох зүйлгүй.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ