Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.
–Монгол хэлийг их баялаг үгийн сантай, бас эртний хэл гэх юм. Энэ талаар эхлээд ярилцах уу?
-Монгол хэл баян тансаг хэрэглээтэй, бас эртний хэл гэдэг нь үнэн. Энд тэр бүгдийг багтаан өгүүлэх боломжгүй. Орчин цагийн монгол хэлэнд идэвхтэй хэрэглэж байгаа бичээч, хядаач, хавхаг, саадаг гэсэн үг нь Хүннү болон түүний удирдлагаар төр улсаа байгуулж байсан монгол хэлний эртний үед хамаарагдах улс үндэсний үг юм. Эх сайхан монгол хэл маань хүй элгэнээрээ амьдарч байсан балар эртний тэр цагаас хойш мөхчихөөгүй өнөөгийн бидний монгол хэмээх мөн чанарыг минь илтгэж, соёл боловсролыг монгол агаараар тэтгэж, монгол хэв шинжийг бүрдүүлж үеэс үед монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг огшоож бадраахын хамт туурга тусгаар байхын нэг үндэс болж байсан байсаар ч байна. Төвөд хэлэнд үг гэдгийг чой гэж нэрлэдэг. Энэ үг юм, ном гэсэн утга илэрхийлдэг ажээ. Үүнээс үзвэл юмыг нь мэдвэл үгийг нь мэднэ, үгийг нь мэдвэл номыг нь мэднэ гэсэн санаа юм. Эх хэл маань ийм арвин баялаг үгийн сантай учир монгол хүний оюуны гайхамшгийг эндээс эрж хайж тайлбарлах хэрэгтэй мэт санагддаг. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг энэ их өвийг хадгалан үлдэхэд их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм.
-Монголчууд хэзээ бичиг үсэгтэй болсон юм бэ. Таны ярианаас ажвал Хүннү гүрний үеэс бололтой?
-Хүннү гүрний үед бичиг үсэг үүсэх нийгэм, соёлын шаардлага хэрэгцээ нэгэнт бүрдэн тогтсон байжээ. Үүнд тулгуурлаад Хүннү гүрний үед бичиг үсэг байсан гэх үзэл сүүлийн үед нэлээд газар авсан болохыг онцлон тэмдэглэлтэй. Хүннү гүрний тухай хятад сурвалжид тэмдэглэсэн баримт хэрэглэгдэхүүнүүд нь үлэмж зөрчилтэй. Тэр нь нэг талаас үзвэл Хүннү гүрнийг бүрдүүлж байсан түрэг нарын бичиг үсгийн тухайд “…тэдний бичих Ху нарынхтай төстэй…” гэж тэмдэглэсэн байдаг нь бидний саналыг бүр ч бодитой болгож байгаа хэрэг. Иймээс бид Хүннү нар бичиг үсэгтэй байсныг баримталдаг бөгөөд дор дурдсан хоёр зүйлийг гол нотолгоогоо болгодог юм. Нэгдүгээрт, Хүннү гүрний дараа төв Азийн өндөрлөгт төр улсаа байгуулж байсан Сяньби, Тоба гүрний үед эртний монгол хэлээр ярилцагч Табагачууд эх хэлээ олон хэлтний аймгаас бүрдсэн уудам их газартай эзэнт улсынхаа төрийн хэл болгон тунхаглаад шинэ бичиг 1000 гаруйг зохиосон эзэн хааны зарлигийн тухай тодорхой мэдээ байдаг. Табагачуудын энэ хэл нь монгол угсааны аймаг болох Сяньби хэлний нэгэн аялгуу болох нь одоо нэгэнт тодорхой болжээ. Табагачийн эзэн хаан зарлигтаа зориуд шинэ бичиг хэмээн цохон тэмдэглэснийг үндэс болговол МЭӨ 425 онд хуучин бичиг монголчуудын дунд байсан гэж үзэхэд хүргэдэг. Хоёрдугаарт, нүүдэлчдийн байгуулж байсан төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн нь эх хэл, бичиг үсгийн тухай асуудал байсан. Энэ нь эх хэл, үсэг бичиг нь улс үндэстнээ нэгтгэн нягтруулж хөгжлийг нь хурдасгах үүрэгтэй байсантай холбоотой юм. Тухайлбал, Кидан гүрэн байгуулах үед “киданы их бичиг, бага бичиг зохион хэрэглэж байсан бол Монголын эзэнт гүрний үед уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэсэн баримт Монголын нууц товчоонд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Үүний дараагаар Чингис хааны ач хүү Хубилай хаан их Юань улсыг байгуулаад Пагба ламаар дөрвөлжин үсэг зохиолгож, улсын бичиг болгосон байдаг. Хожим XVII зууны үед баруун монголчууд өөрийн хүчирхэг улсыг байгуулж түүнийхээ ивээл дор бүх монголоо нэгтгэх гэсэн үйл хэрэгт шарын шашныг үзэл суртлынхаа гол зэвсэг болгож, шашныг дэлгэрүүлэх хийгээд төрийн хэргийг ойлгомжтой байлгах зорилгодоо нийцүүлэн тод үсгийг зохион дэлгэрүүлэх, нөгөөтэйгүүр монголчууд соёлт гүрнүүдээс бичиг үсэг авахдаа хөрш орноосоо биш орчин цагийн хэлээр гурав дахь хөршөөсөө авсан байдаг. Тухайлбал, уйгаржин монгол үсгийг дундад Азид амьдарч байсан Согдуудаас, дөрвөлжин үсгийг Гимилайн уулсын цаана орших төвөдүүдээс, соёмбо үсгийг санскритуудаас авсан байх жишээтэй. Харин монголчууд хятад үсэг бичиг авсангүй. Күнзийн сургаалийн ивээл дор ороогүй учрыг эндээс л хаймаар санагддаг. Мөн өөрсдийн хэрэглэж дадсан бичиг үсгийг засч сайжруулах аргыг ч хэрэглэсэн байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Эдгээр бичиг үсэг тухайн үеийнхээ монгол хэлний хөгжлийн онцлогийг сайн тусгаж байсныг мартах учиргүй.
–Орчин цагийн монгол хэлний талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Үеэс үед уламжилж ирсэн сайхан монгол хэл маань өнөөдөр ч гэсэн монгол түмнийг нэгтгэж, хөгжлийг хурдасгахад харилцааны үүргээ биелүүлсээр байна. Үүнд хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээс гадна төрийн мэргэн бодлого чухал нөлөө үзүүлснийг мартаж болохгүй. 2002-2012 онд Монголын жишгээр дэлхий нийтээр бичигтэн болох НҮБ-ын тогтоолыг батлуулах, “Төрийн хэлний тухай хууль”-ийг УИХ-аас баталж хожим түүнээ “Монгол хэлний тухай хууль” болгон өргөжүүлсэн. Мөн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зохион хэвлүүлэх тухай болон үүнийгээ өргөжүүлэн “Монгол хэлний цахим толь” болгосон. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг дурдаж болно. Гэвч шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, өнөөгийн нийгмийн хөгжлийн хурдац, хүн ардын амьдралын шинэ хэв маяг, үндэсний утга зохиолын хэлэнд шинэ чухал үүргийг ногдуулж байна. Ийм чухал үед хэл бичгийн мэргэжилтнүүд бид бусад мэргэжлийн хүмүүс соён гэгээрүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдтэйгээ нийлээд эх хэлээ шинжлэх ухааны хэл болгох чиглэл рүү хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болоод байна. Ийм зорилгыг хэрэгжүүлэхэд бидэнд энэ талаар багагүй өв бий. Энэ талаар ардын багш С.Дулам олон сонирхолтой жишээ гаргаж ярьж байсныг мартаагүй байх. Үүнтэй холбогдуулан хэлэхэд эх хэлнийхээ нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн олон дорвитой арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай.
–Монгол хэлийг хэр судалсан байдаг юм бол?
-Судалсан гэж яривал их эртний түүхийг ярих ёстой. Монгол хэлний анхны судалгааны бүтээл XIII зуунаас эхэлсэн байдаг. Гунгаажалцан гэдэг бандида цолтой хүн Өөлдийн Гоодан хааны үед 44 монгол үсэг зохиов гээд сударт байна. Дараа нь 1305 онд Чойжи Одсэр гэдэг бандида дэлгэрүүлээд монгол хэлний зүйг 123 үсэг болгож журамласан байна. Энэ бүтээлүүд 1930-аад он хүртэл үргэлжилсэн. Энэ нь Энэтхэг, Төвөдийн хэл шинжлэлийн дэг дээр суурилаад монгол хэлийг үе үсэг болгон судалсан бүтээлүүд шүү дээ. Энэ хоёр бүтээлийг сайн нягтлан, бас тухайн үе болон түүнээс өмнөх үеийн нөхцөл байдалтай уялдуулан үзсэн. Эдгээр “Зүрхэн тольт”-уудаас хамаагүй өмнө Дундад Азийн хэл шинжлэлийн дэг дээр тулгуурласан бүтээл юм.
Харин орчин цагийн хэл шинжлэлийн аргаар судалсан бүтээл 1848 оноос эхэлсэн гэж үздэг. Оросын алдарт эрдэмтэн А.Бобровниковын “Халимаг монгол хэлний хэлзүй” гэдэг бүтээл гарсан үеэс эхлэлтэй. Энэ нь тухайн үедээ “Ром Европын хэл шинжлэлийн үүднээс судаллаа” гэж их л өндөр төвшинд үнэлэгдсэн бүтээл юм. Гэхдээ монголчууд өөрийнхөө түүхэнд 10 гаруй удаа бичиг үсэг солилоо. Бичиг үсэг сольсон түүх бол хэл шинжлэлийн түүх мөн. Монгол хэл шинжлэлийн түүхийг ерөнхийд нь ажихад III, IV үе дээрээ явж байна уу гэж хармаар. Нэг хэсэг нь бүр эртний үед. Гунгаажалцан, Чойжи Одсэр нараас өмнө монголчууд бичигтэй байсан гэдэг үг цухалзах гээд байна. Тэр бичгийг, системийг боловсруулахад хэл шинжлэлийн ойлголтгүйгээр хийх аргагүй юм. Дараа нь Энэтхэг, Төвөдийн хэл шинжлэлийн дэгээр өөрөөр хэлбэл, өмнө дурдсан бүтээлүүд энэ үед хамаарагдана. 1930-1960-аад он хүртэл Ц.Ишдорж, Ш.Лувсанвандан гэсэн эрдэмтдийн нөлөөгөөр Ром Европын хэл шинжлэлийн дэгээр баахан явлаа. Дараа нь хэл шинжлэлийн бүтэц зүйн аргын үүднээс судалж шинжиллээ. Үүний алдартай төлөөлөгч нь Ш.Лувсанвандан. Бид Лу багшийг дэлхийн хэл шинжлэлийн түүхэнд шинэ үеийг нээсэн гэж хэлдэг. Сүүлийн үед бидний амьдралд компьютер их нэвтэрч байна. Дорно дахины гүн ухааныг судалдаг боллоо. Ингээд үзэхэд уламжлалыг шинэчлэлтэй холбосон нэг үе эхэлж байна уу даа гэж харагдахаар байгаа юм. Манай улсын төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд өнөөдөр монгол хэл шинжлэл гэдэг ухаан маань харьцангуй жигд хөгжсөн олон салбар ухааныг өөртөө нэгтгэсэн бүхэл бүтэн тогтолцоотой шинжлэх ухаан болон хөгжсөн байна.
–Бодомж гэсэн үгийн утгыг тайлбарлаж өгөхгүй юу ?
-Монгол хэл, хэл шинжлэлийн ууган салбарын нэг нь толь бичиг зохиож боловсруулах ажил байсан. Ардын Засгийн эхний үед С.Шагж гуайн зохиосон толь бичгүүд, 1960-аад онд Я.Цэвэлийн зохиосон “Монгол хэлний товч тайлбар толь” байна. Сүүлийн үед тайлбар толь зохиох ажил нэлээд идэвхжиж байгаа. Өнөөдөр ч гэсэн орчин цагийн монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь гээд би өөрөө удирдаад зохиож байна. Энэ толь нь үндсэн ойлголтууд, иргэдийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэх, мэдээж боломжтой нэгийн уламжлалыг нь харахын тулд хуучин үсгээр бичих, зөв дуудлагын норм хэмжээг тогтооход анхаарч байна. Энэ бүхэн эх хэлээ шинжлэх ухааны хэл болгох гэж хичээн зүтгэж байгаагийн нэг шат гишгүүр болох юм. Таны асуусан бодомж гэдэг үгийн тухайд бол “эргэцүүлэн бодох, ухаарах” гэсэн хийсвэр утгатай юм. Харин мж дагавар авсан санамж, үнэлэмж, нийлэмж, бүтэмж, үзэмж, үлэмж гэсэн үг бий. Энэ мэтээр бусад үгтэй нь холбон тайлбарлавал их сайн юм. Гэхдээ үгийн утга өөрчлөгдөх, хувирах үзэгдэл байдгийг санах хэрэгтэй.
–Сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-Би их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн. Гэвч хэл шинжээч дундаа цэвэр монгол хэл судлалын хүн биш. Эртний Турк хэлний бичгийн дурсгал, мөн Турк угсааны хэлтэн болох Цаатан, Урианхай, Мончаг, Тува, Казах гээд чамгүй цөөн тоотой үндэстний хэл монгол хэлтэй хэрхэн яаж холбогдож байна вэ гэдгийг судалж байгаа. Нэг хэл мөхвөл нэг соёл мөхнө гэсэн үг байдаг. НҮБ-ын удаа дараагийн баримт бичиг бол хүн төрөлхтний өмнө ойрын ирээдүйд тулгарах зорилтыг шийдвэрлэхэд эх хэл нь хамгийн сайн, чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Манай зарим залуус Ховд аймгийн Тува хүүхдүүдэд зориулсан V ангийн сурах бичиг хийсэн. Эх хэл эрдмийн түлхүүр гэж ярьдаг. Миний хувьд хүрээнд суусан чавганцын чих сайн гэгчийн үлгэрээр монгол хэлний талаар ийм юм хийвэл зүгээр юм байна гэж залуучууддаа үлгэр болгож зааж сургахын тулд өөрийн сонирхол, нийгмийн захиалгын үүднээс ийм ажил хийж байна. Монгол нутаг зөвхөн монголчуудын өлгий биш. Төв Азийн нүүдэлчдийн үе үеийн оршин тогтнож байсан төр улсын түүхийг хадгалсан өлгий нутаг. Тиймээс тэр олон дурсгалаас эртний туркчүүдийн холбогдолтой бичиг үсгийн дурсгалыг голлон анхаарч байна.
–Эх хэлний талаар?
-Эх хэл гэдэг чинь эхээс сурсан хэлээрээ яриарай гэсэн утгатай юм шиг байна. Гэхдээ үе үеийн монгол эхчүүд өөрсдийн хэлээ үр хүүхдэдээ заан сургасаар ирсэн. Эх хэл бол нийгмийн баялаг. Тиймээс академич Б.Ринчен гуай “Чин зоригт өвгөдийн маань өв их эрдэнэ” гэсэн байдаг шүү дээ. Та эх орноо хайрладаг шиг эх хэлээ хайрлаарай. Ер нь монгол хэлний түүхийг судалж байгаа, монгол хэл бусад хэлтэй хэрхэн холбогдож байгааг судалж байгаагийнхаа хувьд монгол хэлнийхээ мөн чанарыг улам гүнзгий, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдье гэж байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдсэнээр бид ирээдүйн монгол хэлийг ч шинжлэх ухааны үндэстэй харна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ