ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казахстан улсад хийх айлчлалаа хойшлуулснаас түүний бие тавгүйрхсэн гэх шум тараад байна. Харин Кремлийн хэвлэлийн дарга Дмитрий Пешков “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины бие сайн байгаа” хэмээн “Interfax” агентлагт тайлбар өгчээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг өвдсөн гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарах болжээ. Тухайлбал, “Reuters” агентлаг 2012 онд Путиныг жудо барилдаж байгаад нуруундаа гэмтэл авсан хэмээн мэдээлж байсан юм. Гадны өөр хэвлэлүүдэд ОХУ-ын төрийн тэргүүнийг нойр булчирхайны хорт хавдартай болсон гэх мэдээлэл ч цацаж байв.
Үүний зэрэгцээ Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Даурен Абаев гурван орны төрийн тэргүүний уулзалт ирэх долоо хоногийг хүртэл хойшилсныг мэдэгдсэн байна. ОХУ, Беларус, Казахстаны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагаа, Украины зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж. Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын уулзалт Астана хотноо гуравдугаар сарын 13-нд болох байв.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters