Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

2019 оны өрнийн зурхай

2019 оны өрнийн зурхай

Хэдхэн хоногийн дараа дэлхий нийтээрээ 2019 оныг угтах гэж байна. Ирэх онд хэр олзтой омогтой, ажил үйлс бүтэмжтэй байх вэ гэдгийг "Ордын зурхай" булангаараа толилуулъя.


ХОНЬ

2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ нотлон харуулах, амжилтаараа манлайлах жил байх болно. Зорилгодоо хүрэх, амбиц хөөхөд тань буд гариг эрч хүч, урам зоригоор цэнэглэж өгнө. Гэхдээ аравдугаар сараас эхлээд эрч хүч буурч эхлэх тул оны эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны тэмцэгч зан чанар ажил дээр илүүтэй тодрох бөгөөд энэ нь олон ажлыг амжуулахад тусална. Оны сүүл болоход таны амьдрал эмх замбараагүй болж, бусдын үгээр хөтлөгдсөн мэт санагдах бололтой. Та багаа тайлж, хүлээснээс суларснаар өөрийн жинхэнэ дүр төрхөө таньж мэднэ. Энэ үед зарим нь ичгүүргүй аашилж, дураараа загнаж мэдэх юм. Хэл яриагаа цэгнэж, бодлоо тэр бүр шууд илэрхийлэх хэрэггүй гэж зөвлөх байна. Эс бөгөөс гэр бүл, хамт олны дунд зөрчил үүсч мэднэ. Гэр бүлдээ анхаарал халамжтай байж чадахгүй бол таны хоосон орон зайг өөр байдлаар нөхөж эхэлнэ. Санхүүгийн байдал харьцангуй сайн байх бөгөөд хэд хэдэн удаа их хэмжээний бэлэн мөнгөний орлого орж ирнэ. Үл хөдлөхийн худалдаа наймаанд ээлтэй. Ганц бие хүмүүс олон хүнтэй танилцаж, тэдний дундаас насан туршийн ханиа олж болно. Гэхдээ олонх нь гэр бүл зохиох гэж яарахгүй бололтой.

ҮХЭР

Ирэх онд үхрүүд хайр дурлал, мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байхыг зөгнөж байна. Бүтэлгүй хайрын нулимсаа арчиж, ганцаардлын гунигаа үлдэн хөөн, шинэ сонирхолтой учралуудад өөрийгөө бэлдээрэй. Багахан овсгоо, бүтээлч байдал байхад та санхүүдээ санаа зовохгүй байж болно. Гэхдээ тэр хэрээр зарлага нэмэгдэх хандлагатай байна. Хаврын улирал ирэхэд та хэт мэдрэг, эмзэг болох хандлагатай тул бясалгалаар хичээллэх, сэтгэлзүйн зөвлөгөө авах эсвэл хэн нэгэнтэй сэтгэлээ ойр ойрхон нээж ярилцах хэрэгтэй.  Таны зөн совин энэ үед хурц байх тул аливааг урьдчилан мэдрэх хандлагатай. Муу зуршил, буруу дадлаа өөрчлөхөд хэцүү байх боловч өсч дэвжихийн тулд танд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Ажил хэрэг төлөвлөсний дагуу бүтэмжтэй байх бөгөөд таныг амжилтад хүрэхэд юу ч саад болж чадахгүй. Оны сүүлээр таны эрч хүч суларч, бие өвчлөх хандлагатай байна. Аялал зугаалгаар явах, адал явдал илэрхийлэхэд таатай.

ХАМТАТГАХ

Ирэх онд хамтатгахын ордныхонд гурван удаа чухал цаг үе тохионо. Энэ нь гурав, долоо, арваннэгдүгээр сард болох ба энэ үед таны амьдралыг өөрчлөх үйл явдал тохиох буюу таны ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх аж. Таны зөн совин, бусдыг мэдрэх чадвар дээд хэмжээнд байх тул ирэх онд бусдыг удирдах албан тушаалтан болон харилцааны мэргэжилтнүүд амжилттай байж манлайлна. Та ажил хэргийн салбарт тогтсон хэв маяг, дадсан арга барилаа өөрчилснөөр төсөөлж байгаагүй амжилтад хүрч чадна. Нөгөө талд хайр дурлалын харилцаа сорилттой тулгарах бололтой. Сорилтыг давж гарснаар таны гэр бүл, хайр дурлал улам батажна. Ганц бие хүмүүс харилцаанд орохдоо өөрийгөө эрсдэлд оруулахаас болгоомжлоорой. Хэн бэ? Гэдгийг нь танихаас өмнө яаран алхам хийсний хэрэггүй. Хатуу дэглэм баримтлах, хорт зуршил зэрэг нь таны биеийн эрч хүчийг сулруулж, өвчлөл үүсгэхийг анхаараарай. Удаан хугацаанд үл тоосон шинж тэмдэг хүндэрч болно. Зуны саруудад та бусадтай нийтэч байж, хөгжилтэй нэгэн болж хувирна. Энэ хугацаанд танд олон баярт явдал тохиох аж.

МЭЛХИЙ

Энэ онд та өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь байх хэрэгтэй. Танд хүч чадал, авхаалж самбаа хангалттай боломжийг нээж өгнө. Та магадгүй оны дунд үеийг хүртэл өөрийн дассан амьдралаа өөрчлөхийг хүсэхгүй бололтой. Гэвч өөрийгөө шинээр сорьж, хүч чадлаа мэдрэх хэрэгтэй. Зарим нэг муу мэдээ, бүтэлгүйтэл, сэтгэл гонсойлгосон үйл явдал зэрэг нь таныг ямар ч сэтгэл хөдлөлгүй, дүйнгэ нэгэн болгоно. Гэвч эцэст нь та өөрийгөө шинээр цэнэглэж, урьд нь байснаасаа дээр нэгэн болж сэргэнэ. Энэ онд худал мэдээллээс болгоомжтой байх хэрэгтэй. Алдаатай, дутуу, худал мэдээллээс болж та том алдагдал хүлээх, нэр хүндээ алдах, ажлаа бүтэлгүйтүүлэх магадлалтай. Зунаас таны өрөвч нинжин сэтгэл илүүтэй давамгайлах ба энэ үед та бусдад олон буян үйлдэх бололтой. Үл хөдлөхтэй холбоотой маргаан гэр бүл, хамаатан садны дунд дэгдэж магадгүй. Орлого бага зэрэг нэмэгдэх ба танаас ухаалаг зарцуулалтыг шаардана. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт, том худалдан авалтаас татгалзах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд уналт, хагацал тохиох бололтой. Гэр бүлтэй хосуудын дунд хүүхэдтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Хууч өвчнөө эмчлүүлэх, ардын уламжлалт эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй.

АРСЛАН

Энэ онд бүх зүйлийн тэргүүнд Та байх болно. Тэргэл сарны нөлөөгөөр оны эхнээс л та гялалзаж эхлэх ба манлайлах ур чадвар тань дээд түвшинд хүрнэ. Харин сар хиртэх үеэс эхлэн та сэтгэлээ захирахад хэцүү болж, бусдын анхаарлыг татах гэсэн хэт их оролдлогоосоо болж сэтгэл тогтворгүйтнэ. Зун таны хувьд амаргүй өнгөрөх бололтой. Учир нь та зарим үед хэт идэвхтэй, эрч хүчтэй болж ирснээ гэнэтхэн юу ч хийх сонирхолгүй болох зэргээр сэтгэл санаа тавгүй байхыг анхаараарай. Ажилдаа дур сонирхолтой хүмүүс амжилт гаргахад хялбар байх болно. Харин тийм биш бол цагаа үрэхийн оронд өөрийн юунд дур сонирхолтой, юуг илүү сайн чаддаг вэ гэдгээ эртхэн хайж эхэлсэн нь дээр. Есдүгээр сараас таны амьдралд шоу эхлэх болно. Энэ нь юу вэ гэвэл таны өмнө хүмүүсийн үнэн чанар илчлэгдэх ба тэдний өрөвдөлтэй хуурмаг дүр төрх гайхширлыг тань төрүүлэх бололтой. Сэтгэл татах чадвар нэмэгдэж, гадаад төрхдөө багахан анхаарснаар ганц бие хүмүүс хайр дурлалаа саадгүй олж чадна. Харин цаашид удаан хадгалж чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх ба ямар ч байсан өнгөрсөн жилээс  хавьгүй сайн байхыг амлажээ. Гэр бүлтэйгээ харилцахдаа хэт өөрийгөө бодсон хандлагаа өөрчилснөөр олон зөрчлийг намжааж чадна.

ОХИН

Энэ онд та бүхнийг төгс хийхийг хичээж, зорилгодоо хүрэхийн тулд өөртэйгөө байнга зөрчилдөх бололтой. Хэрэв ба сэтгэл хөдлөл болон логик сэтгэлгээнийхээ тэнцвэрийг олж чадвал хүссэндээ хүрч чадна. Юу хүсч буйгаа тодорхой мэдэж байгаа хүнд ямар ч бэрхшээл саад болж чадахгүй. Өмнө нь төлөвлөөд эхлүүлээгүй ажил, дундаас нь зогсоосон төсөл зэргээ гүйцэлдүүлж чадна. Энэ нь танд амжилт авчирч, нэр хүндийг тань өсгөх бололтой. Гэр бүлийн харилцаанд хэтэрхий удаан тэвчсэн сэтгэл хөдлөл, гомдол гунигаа гадагшдуулснаар үл ойлголцлыг бүр мөсөн арилгаж, амар тайвныг мэдрэх болно. Санхүүгийн байдал эрсдэлтэй байгаа тул хянамгай байх хэрэгтэй. Нэгэнт л та санхүүгийн хямралд орсон бол гарахын тулд нэлээд хэдэн сар зовно шүү.  Хэн нэгэнтэй өрсөлдөх, сөргөцөлдөх хэрэггүй. Зун аялал, томилолтоор явах зэргээр гадаад орныг зорих бололтой. Хол явахдаа эрүүл мэнддээ анхаарч, түргэн тусламжийг хайрцгаа байнга өөртөө ойр байлгаарай. Намрын улиралд бусадтай харилцахад илүү хялбар байх болно.

ЖИНЛҮҮР

Энэ онд таны анхаарлын төвд гэр бүл, хайр дурлалын харилцаа байх бололтой. Гэр бүлдээ хайраа түгээж, хүнд асуудлыг даван туулахад таны оролцоо өндөр байх болно. Та гэртээ амар тайвныг мэдэрч, ямар ч стресс бухимдлыг тайлж чадна. Харин ганц бие хүмүүс эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, түр зуурын хүмүүстэй учирсаар л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Учир нь та нарын олонх нь оны эцэс гэхэд удаан хугацааны харилцаа тогтоож, хосоо олж чадна. Ажил хэрэг санаснаар бүтэх магадлал маш бага. Бүтэлгүйтэл, алдагдал таныг удаа дараа сөхрүүлэх гэж оролдоно. Та өөртөө итгэлтэй, авхаалжтай байснаар бүтэлгүйтлийг амжилт болон хувиргаж чадна. Зарим хүмүүс ажлаа солих боловч хэт өөр салбарт хүч үзэх гэсний хэрэггүй. Бусадтай шударгаар өрсөлдөж, арга заль хэрэглэх хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Танд заримдаа их хэмжээний мөнгө гэнэт орох боловч зарим үед мацаг барихад хүрнэ. Шоу цэнгээнд хэт дурлаж, эрсдэлтэй аялалд гарч магадгүй. Энэ бүхний эцэст та өөрийнхөө хамгийн муу дүр төрхийг харах болно. Найз нөхдийн дунд маргаан, үл ойлголцол таныг ганцаардуулна.

ХИЛЭНЦЭТ

Та юу хүсч, юунд тэмүүлж, юуг мөрөөдөж байна вэ? Энэ онд таны зарим мөрөөдөл, зорилго биелэх болно. Та аливаа шийдвэр гаргахдаа алдахаас эмээх хэрэггүй. Та алдвал туршлага болж оновол амжилт болох болно. Эрч хүчтэй, сэргэлэн цовоо байдал ажлаа гүйцэлдүүлэхэд дэм болно. Бүхэл жилийн турш завгүй хөдөлмөрлөж, тэр хэрээрээ үр шимийг нь хүртэхэд бэлдээрэй. Санхүүгийн байдал маш сайн байх болно. Та хэд хэдэн том төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Энэ нь таны орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгэмд эзлэх байр суурийг өргөнө. Стресс бухимдалтай байх боловч та сэтгэлээ барьж сурах хэрэгтэй. Эс бөгөөс гэр бүл, ойр дотнынхондоо муухай аашилж, гомдоож мэдэх юм. Ямар ч асуудал байсан тэр бүгдийг хаалганыхаа ард сэгсэрч хаяад, гэртээ нүүр дүүрэн инээмсэглэл, халуун дулаан энергийг авч орж байгаарай. Таны эрүүл мэнд энэ онд сайн байх бөгөөд ямар нэгэн өвчин туссан ч хурдан эдгэнэ. Гэсэн ч та дархлаагаа дэмжиж, эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлээрэй. Харин хайр дурлалын харилцаанд тийм ч таатай бус. Зөрчил, араар тавилт зэрэг олон асуудал таныг зовооно. Ганц бие хүмүүс романтик дурлалд толгойгоо мэдүүлж, бусдад ашиглуулж болзошгүй.

НУМ

Энэ жилийн хувьд та эрч хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бусадтай нээлттэй харилцаатай байх болно. Таны итгэл үнэмшил ажил хэрэг болон хувийн амьдралд гол нөлөө үзүүлэх бололтой. Та тэр бүр бусдыг шүүж, дүгнээд байдаггүй, байгаагаар нь хүлээж авдаг зан чанар чинь бусадтай харилцахад таатай сэтгэгдлийг төрүүлдэг. Гэхдээ энэ онд та хэтэрхий яриасаг болох хандлагатай байгааг анхаараарай. 2019 онд та олон сонин хүнтэй танилцах бөгөөд энэхүү холбоо харилцаа нь ирээдүйд их тус болно. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд таатай байх болно. Ялангуяа амьдрах орчин нөхцөлөө өөрчлөх, шинэчлэх, тодорхойгүй харилцаагаа цэгцлэхэд тааламжтай. Ганц бие хүмүүс хоёроос дээш боломжит хүнтэй харилцаа тогтоох бөгөөд сонголт хийхэд хэцүү байх бололтой. Ажил дээр олон саад бэрхшээл тулгарч, тэр хэрээр бухимдал, стресс их байна. Асуудлыг шийдэхийн тулд та хамт олон, танил тал, найз нөхдийн тусламжийг авах хэрэгтэй болно. Санхүүгийн байдал харьцангуй сайн байх тул санаа амар байж болно. Зун эсвэл намар таныг азын тэнгэр ивээх тул сугалаанд хожих, мөрийнд ялах боломжтой. Намраас эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хууч өвчин сэдэрч, хүндэрч болзошгүй байна.

МАТАР

Зорилгоо шинээр тодорхойлж, амьдралдаа өөрчлөлт хийхээр бол нэгдүгээр сараас л эхлэх хэрэгтэй. Шинэ он танд олон боломжийг авч ирэх тул тэр бүрийг алдахгүй байхыг хичээгээрэй. Амбиц таныг тайван суулгахгүй бололтой. Ажил хэрэг дээр тэргэл сарны нөлөөгөөр амжилт ирэх боловч хамтрагч, түншүүдтэйгээ хэл амаа ололцох нь л чухал. Хувийн амьдралд чухал үйл явдал тохиох бололтой. Ганц бие хүмүүс сүй тавих, гэр бүлүүд шинэ хүнээ өлгийдөх зэргээр баярт үйл явдал тохионо. Гэр бүлээрээ хийх аялал зугаалга нь та нарын хайрын харилцааг бэхжүүлж, амьдралын өнгийг тодосгох тул жилийн зохимжтой цаг үед заавал зав гаргаарай. Эрүүл мэндээ анхаарч, хэт их ажиллалгүй биеэ гамнаарай. Хаврын саруудад эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Вирусийн халдварт өвчнөөс сэрэмжлэх хэрэгтэй. Харин өөрийн дадаж сурсан муу зуршлуудаа хаяж чадвал эрүүл мэнд улам сайжрах болно.

ХУМХ

2019 онд хумхын ордныхны амьдралд том өөрчлөлт гарна. Энэ нь зургаан жил тутамд нэг удаа тохиодог том өөрчлөлт бөгөөд гуравдугаар сараас эхлэн мэдрэгдэж эхэлнэ. Та нарын зарим нь гадаад байдлаа өөрчлөхөд хэт их анхаарал хандуулах боловч дотор хүнээ хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарахгүй бололтой. Завгүй, эрчтэй амьдралын хэмнэлээсээ түр амсхийж, сүүлийн үед сурсан сургамж, туршлагаа нэг эргэцүүлж, тунгаах хэрэгтэй. Ажил хэрэгт дөрвөөс есдүгээр сарын хооронд олон таатай боломж гарч ирнэ. Албан тушаал дэвших, ажлаа солих, шинэ бизнес эхлүүлэх зэрэгт таатай. Ялангуяа сургуулиа дөнгөж төгсөгчдийг илүү олон боломж хүлээж байна. Алдаан дээрээ суралцаж чадвал амжилтаа хоёр дахин нэмэгдүүлж чадах болно. Аравдугаар сараас од эрхэс хайр дурлалын харилцаанд таатай нөлөө үзүүлж эхэлснээр ганцаардмал хумхууд хайраар бялхах болно. Энэ хугацаанд гэр бүлийн харилцаа батжиж, бүл нэмэх, хамтдаа аяллаар явах зэргээр олон таатай үйл явдал тохионо. Санхүүгийн байдал оны эхнээс л сайжирч эхлэх ба та тооцоотой байж чадвал хангалттай хуримтлал үүсгэж, өр зээлээ дарж чадна. Эрүүл мэндийн хувьд харшлын гаралтай өвчлөлөөс сэрэмжлэх хэрэгтэй.

ЗАГАС

Энэ онд загасныханд бизнесийн болон хувийн карьер хөөх том боломж нээгдэж байна. Өнгөрсөн онд тулгарсан эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарсан ч тэнцвэрт байдлаа хадгалах гэж багагүй чармайх хэрэгтэй болно. Санхүү мөнгөний гачигдалд орвол гэр бүлийн харьцаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Зарим талаар аз сорьсон ажил танд муугүй амжилт авчирна. Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн романтик учралаа олох болно. Ажлаа сайн зохицуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулах шаардлага үргэлж гарна. Энэ нь ирэх онд таны шийдвэрлэх хамгийн чухал зүйлсийн нэг байх болно. Олонх хүмүүс ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэг тусламжид найдаж болно. Таны төрөлхийн нийтэч болон өгөөмөр занг тэд мэдэх учир урьдын таатай дурсамжаа санан саад тотгорыг даван гарахад туслах болно. Энэ жилийн дунд үед аялал жуулчлал, амралт зугаалга нь таны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ. Цэвэр агаар зөв хооллолт нь таны ирэх жилийн гол уриа байж, эрүүл мэндийн тань манаач байх болно. Худалдан авах ажиллагаа болон хайхрамжгүй гэрээ хэлэлцээрээс болж хууль, эрхзүйн хариуцлага хүлээх магадлал байгааг од эрхэс анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж