Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар ард түмнээс уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар ард түмнээс уучлалт гуйлаа

Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар ард түмнээс уучлалт гуйлаа

Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар өнөөдөр/2018.12.26/ мэдээлэл хийлээ. Хоёр аваргын хувьд өмнө нь уулзаж, Бөхийн өргөөг нээх талаар ярилцсаж байсан удаатай.

Монгол бөхийн хамгийн өндөр цолонд хүрсэн аваргууд нэгдэн ажиллаж, бөхчүүдээ удирдан, маргаантай байгаа асуудлыг цэгцлэх болсон гэдгээ хэллээ. Мөн Бөхийн өргөө удахгүй нээгдэж, бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдах болно гэв.

БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛАХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАНА

Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Монголын бөхийн холбооны маргаан 16 жил боллоо. Миний бие хавар болсон “Их Эе” хурлаас холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хурлын дараа олон жил эвлэрч чадаагүй бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдтэйгээ уулзаж, учраа олохыг их хүслээ. Одоо Бөхийн өргөө хаалттай байна. Яагаад гэвэл, маргаан, үймээн дэгдээж байгаа нөхөд дахин асуудал гаргахгүй гэсэн бичиг өг гэсэн шаардлагыг бид тавьж байна. Ингэж цагдаагийн байгууллагын хамгаалалтыг буулгана. Бид хоёрын хувьд монгол бөхийн хамгийн өндөр цолонд хүрч, өнөөдөр ахмадын тоонд орж байна. 20 насны зөрүүтэй ч гэлээ ах, дүүс, багш, шавийн барилдлагатай явж ирлээ. Одоогоор бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөл 6-7 гишүүнтэй байгуулагдаж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллахаар боллоо. Мөн сүүлийн үед гараад байгаа допингийн асуудал, мөн жалга довын үзлийг цэгцлэх гээд бидэнд хийх ажил их байна. 16 жил шүүхээр явж байгаа энэ асуудал цэгцлэгдэж, шийдвэр яаж гарахаас үл хамааран “Их Эе” хурлыг дахин хийх, холбооны үйл ажиллагааг эв нэгдэлтэй хийх байр суурьтай байна. Сайхан, зөв зүйлийг төлөө бид явж байгаа.  Үзэгч олон түмнийг бухимдуулсан, чилээсэн зүйл болон бид хоёроос шалтгаалсан юм байвал албан ёсоор уучлал гуйж байна. Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй зүйл байгаа бол танаас уучлал гуйж байна. Зөвхөн бөхчүүд биш үзэгч түмэн, бөхийн засуул, тайлбарлагч, өргөөний ажилчид гээд бүгдээрээ бөхийнхөө төлөө ажиллаж байна.

МОНГОЛ БӨХИЙГ БАРИЛДУУЛАХГҮЙ ГЭСЭН ХҮН Л ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАНА

Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх

16 жил шүүхээр явж, захирамж шийдвэр зургаан удаа гарсан ч энэ асуудал шийдэгдээгүй байна. Миний хувьд ямар үзэл баримтлалтай байна вэ гэхээр Бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үйлдлийнхээ ёсоор Б.Бат-Эрдэнэ бид хоёр бөхийн будилаантай асуудлыг шийдэх ёстой гэж нэгдлээ. Бөхийн жудаг, эрэмбээ эдэлж бөхчүүдээ удирдан зохион байгуулах ёстой. Бөхийн өргөө хаалттай хэвээр ес эхэллээ. Бид ийм байдалтай байж болохгүй ээ. Би Л.Чинбатын холбоог хууль ёсны холбоо гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ аварга наймдугаар “Их Эе”-ээс тэргүүн болсон. Энэ маргаантай байгаа асуудал шүүх дээр явж байгаа. Бид хоёрын хувьд бөхчүүдийн энэ зохисгүй үйлдлийг цэгцэлж, бөхийн ёс жудгийг сэргээж удирдах ёстой гэж бодож байна. Ингэж түр зөвлөл байгуулж, би даргалаад явж байна. Шүүхийн шийдвэр яаж гарсны дараа аль нэг холбоо нь ажлаа хийгээд яваг. Аль нэг холбоо нь шүүхийн шийдвэрээр албан ёсных гэж гарсан ч юм хийж чадахгүй ээ. Тиймээс зохицож нэгдсэн хурлаа хийх нь чухал байна. Бөхчүүд нэгдэх болно. Бид хүчтэй, бяртай, золбоолог бөхчүүдээ шүтэж ирсэн ард түмэн юм. Бөхийн түүх ч тийм байдаг. Бөхийн өргөөний хаалга яагаад эвдэрсэн шалтгаан нь дотогш оруулахгүй гэж хаалга эвдэрсэн шүү дээ. Монгол бөхийг барилдуулахгүй гэсэн хүн л эсэргүүцэл гаргана. Өнөөдөр Бөхийн өргөөг бид хоёрын гарын үсэгтэй бичигтэйгээр нээх болно. Би энэ асуудлыг хожуу ухаарсандаа уучлал гуйж байна. Бөхийн өргөөг төр авч болохгүй учраас холбооны ажилд орж болохгүй юм.

Өнөөдрийн хурлаар хоёр аварга хэлэхдээ “Бидэнд муудсан зүйл байхгүй. Өмнө нь ч ийм зүйл байгаагүй юм аа. Өнөөдөр бөхийн хамгийн том цолонд хүрсэн ахмад бөхчүүдийн хувьд харилцан ярилцаж, үймээнтэй байгаа энэ асуудлыг цэгцэлье гэж нэгдээд түр зөвлөл байгууллаа. Монгол бөхийн ёс жаягийг хүндэлж, бөхийн маргааныг цэгцлэх ажил дээр бид хамтарч явах ёстой болсон гэдэг үүднээс нэгдлээ. Бөхийн өргөө хаагдах үед бөхийн барилдаанаас эхлээд маш олон асуудал гарч байна шүү дээ. Бид хоёр тус тусын холбоондоо байгаа хэвээр. Харин шүүхийн асуудал явдгаараа явж, шийдвэр гарах байх. Хэрвээ шийдэгдэхгүй бол бид холбоогоо нэгтгэх ажлыг хийх болно. Бөхийн өргөөг авах гэсэн хэн ч байхгүй. Харин сайн менежер болох залуусыг ажиллуулах хэрэгтэй байна.” гэлээ.

Сануулахад, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм байна.

Х.Баянмөнх Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, December 25, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж