&#34Сайн хууль гаргаж, хянан хэрэгжүүлэх нь бидний үүрэг&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

&#34Сайн хууль гаргаж, хянан хэрэгжүүлэх нь бидний үүрэг&#34

Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол улсын Их Хурлын ээлжит намрын чуулган завсарлаж Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллан Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хууль тогтоолыг сурталчилж, хэрэгжилтийн байдалтай танилцан, цаашид хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ард иргэдийн санал бодлыг сонсож байгаа энэ үед та бүхэнтэй уулзаж байна.

Өнөөдөр Та бид хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Засгийн газар түүний яам, агентлаг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хэлэлцэх бөгөөд УИХ, Засгийн газрын холбогдох хяналт шалгалт, мониторонгийн хэлтэс, Аудитын газрын удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга болон холбогдох ажилтнууд оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хувьд “ Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах”, “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” гэж тодорхойлсон. Эцсийн дүндээ сайн хууль гаргаж, түүнийхээ биелэлтийг хянан шалгаж, бодитой үр дүнд хүргэх явдал нь хууль тогтоох үйл ажиллагааны үндсэн агуулга байдаг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллага, Засгийн газрын гишүүд хагас жил тутам хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх тайланг холбогдох Байнгын хороонд ирүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээг ирүүлж байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээг ирүүлэхдээ шаардлага хангаагүй, дутуу, дүн шинжилгээ хийж үнэлээгүй, хугацаа хоцроох зэрэг дутагдал гарч байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Улсын Их Хурлын Тамгын газраас 5 удаа чиглэл өгч ажилласан байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үр дүнтэй, оновчтой, шуурхай болгох зорилгоор Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна. Үүний дагуу хууль тогтоомжийн мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлж Засгийн газраас ирүүлсэн хууль тогтоомжийн биелэлтэд дүн шинжилгээ хийж Байнгын хороодод улирал тутам мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг сайжруулах талаар Засгийн газар, яамд, агентлагууд тодорхой арга хэмжээг авч ажиллахгүй байгаад дүгнэлт хийж, ажлын уялдаа холбоог сайжруулан, хэрэгжилтийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хариуцлага сахилгыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд Улсын Их Хурлын шийдвэрт тавих хяналт маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж, өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг Та бүхэнд хүсч байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2015.03.12/ зохион байгуулж буй “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Тус хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс хүргэх болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж