Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад Зүүн Ази судалгааны төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Энхболор нар “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд болох юм. Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уг уулзалт нь “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаач оролцох юм байна. Энэ хүрээнд дээрх томоохон уулзалт болох гэж байгаа бөгөөд эрчим хүчний салбарынхан ихээхэн ач холбогдол өгч байна.
Энэ үеэр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Эрчим хүчний системийг хөгжүүлэх ямар гарц байгаа вэ. Эрчим хүчний хэлхээ холбоо уулзалтаар ямар асуудлыг хөндөх вэ?
-Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран анх удаагаа Зүүн хойд азийн бүс нутгийн эрчим хүчний хэлхэ холбоо нэртэй олон улсын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, хувийн хэвшлийг оролцуулна. Уулзалтаар эрчим хүчийг алдагдалгүй үйлдвэрлэх боломж, гарц, эрчим хүчний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, зөв оновчтой өндөр ашигтай технологи нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний асар их нөөцтэй болон их хэмжээний эрчим хүч импортлогч гүрнүүдийн сонирхол, уялдаа холбоо, сонирхолд нийцүүлсэн төсөл хөтөлбөр юу байгааг ярилцаж, хэлэлцэнэ. Жишээ нь Азийн супер сүлжээ байж болно. Энэ асуудлыг ойрын ирээдүйд шийдвэрлэх арга замыг хайна. Үүгээрээ энэхүү олон улсын хурал өндөр ач холбогдолтой юм. Бид хурлаас гарсан санаачлагыг амжилттай хэрэгжүүлж чадвал одоогийн технологи шинэчлэгдэж, алдагдалтай ажилладаг байдал аяндаа арилна.
-Манай улсын эрчим хүчний нөөц ямар байна вэ. Цаашдаа илүү хямд үнэтэй, ашиг өндөртэй эрчим хүч дотооддоо үйлдвэрлэх боломж бий юу?
-Суурилагдсан хүчин чадлаар 900 орчим мвт-ыг үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ-аас бага хэмжээний эрчим хүч өнгөрсөн сард импортоор авсан. Өмнө нь авч байснаас багассан байгаа. Энэ нь өнгөрсөн хоёр жилд 3, 4-р цахилгаан станцын 50 болон 123 мвт-ын өргөтгөлүүд ашиглалтад орсонтой холбоотой. Цаашдаа эрчим хүч гаднаас импортлох нь багасч байгаа. 2030 хүн хүртэлх хэтийн зорилгоо тодорхойлсон бичиг баримтыг яамнаас гаргасан. Энэ зорилгод Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилго тавиад байна. Манайд эрчим хүчний хангалттай нөөц бий. Гагцхүү хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй. Байгаа нөөцөө оролцуулаад хямд эрчим хүчийг өндөр технологи ашиглан үйлдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн орнуудыг эрчим хүчээр хангах боломжтой.
С.ОТГОНСҮРЭН