Биатлоны спортын энэ цаг үеийн шилдэг тамирчдын нэг ОХУ-ын тамирчин А.Шипулин мягмар гарагт Москва хотноо хэвлэлийн бага хурал хийж их спортоо орхиж буйгаа зарлалаа. Тэрээр “би мэргэжлийн карьераа өндөрлүүлэх шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байлаа. Зодог тайлах шийдвэр гаргахад олон хүчин зүйл байсан бөгөөд хамгийн гол нь 2018 оны олимпийн наадамд оролцуулаагүй явдал юм” хэмээн олимпийн наадмын буухиа уралдааны алтан медальт А.Шипулин ярьсан байна.
Өнгөрсөн 2 сард болсон Пёнчаны олимпийн наадамд ОУОХ-ноос Оросын биатлончдыг оролцуулаагүй бөгөөд тэдний дунд 31 настай А.Шипулин байсан юм. ОХУ-ын тамирчдыг Сочигийн олимпийн допингийн асуудлаас шалтгаалан Пёнчаны олимпийн наадамд орох эрхийг нь түдгэлзүүлсэн. Гэхдээ нэр цэвэр тамирчдыг ОУОХ-ны туган дор оролцох эрхийг өгсөн байдаг. Хэдийгээр А.Шипулин нэр цэвэр байсан ч оролцож чадаагүй.
Оросын биатлончдыг Хохфельценд болох дэлхийн цомд оролцохоор ирэхэд Австрийн цагдаа нар удаа дараа шалгасан ажээ. Энэ мэт асуудал нь А.Шипулинг зодог тайлахад хүргэсэн байна. Ийнхүү Оросын энэ цаг үеийн биатлоны нүүр царай болсон А.Шипулин их спортоо орхилоо.
Б.БЯМБАБАЯР