Монголын эх түүхийн ботийг номын сангуудад түгээв

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Монголын эх түүхийн ботийг номын сангуудад түгээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлэхдээ “Хүрэлцэн ирсэн та бүхний түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголынхоо түүх, соёл, уламжлалын талаар ихээхэн санаачилга гаргаж ажиллаж ирлээ.

Монголынхоо түүхийг залуу үедээ, ард иргэддээ үнэн бодитоор мэдүүлэх үүднээс нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг бид 2011 онд тэмдэглэсэн. Бид Монголынхоо түүхийг 800 жилээр, зарим үед 90-100 жилээр төсөөлж байсан цаг бий. Гэтэл монголчууд тулгар төрөө 2000 гаруй жилийн өмнө байгуулж байсан ийм их баялаг түүхтэй улс орон, ард түмэн юм гэдгийг бид бүгдээрээ мэдэж ойлгодог болсон.

Мөн их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг шинжлэх ухааны үндэстэй тогтоох тухай ШУА-ийн санал санаачилгыг дэмжиж албан ёсоор тогтоолоо. Чингис хааны төрсөн өдрийг Монгол бахархлын өдөр болгон 2012 онд дэлхий нийтэд албан ёсоор мэдүүлж, 850 жилийн ойг нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. УИХ-ын шийдвэрээр Монгол бахархлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ мэтээр эх түүхээ мэдүүлэх, баяжуулж дэлгэрүүлэх тал дээр хичээж ажиллаж байгаа.

Мөн өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж Монголын эх түүхийн 6 боть бүтээлийг үндэсний монгол бичгээс кирил үсэг рүү буулгаж иж бүрнээр нь хэвлүүлсэн. Энэ 2015 оны нэг, хоёрдугаар сард уг бүтээлийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, номын сангуудад түгээж гардуулав.

Өнөөдөр энэхүү 6 боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна” гэлээ.

Үүний дараа уг 6 боть цуврал номыг бүтээсэн доктор О.Батсайхан, доктор З.Лонжид нар бүтээлийнхээ талаар товч танилцуулга хийлээ.

Нийслэлийн дээд боловсролын байгууллага, коллеж, номын сан зэрэг нийт 80 байгууллагын төлөөлөл Монголын эх түүхийн 6 боть номыг гардан авлаа.

Эх сурвалж: president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж