Дэлхийд данслагдсан монгол дуучдын гайхам амжилтууд

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Дэлхийд данслагдсан монгол дуучдын гайхам амжилтууд

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон Дуурийн театраас дэлхийн урлагийн тайзыг эзэлж буй авьяаслаг уран бүтээлчид олон бий. Сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хүндтэй эрхмүүдийн улиран одож буй 2018 онд гаргасан амжилтыг онцолж байна.


Э.АМАРТҮВШИН “OPERA AWARDS”-Т АНХ УДАА НЭР ДЭВШЛЭЭ

Сүхбаатар аймгийн Халзан сумын урд хавцалд зүүн гурван аймгийн томоохон хийд болох Хатавчийн хийдийн туурин дээр тоглож өссөн, өнөө цагийн дэлхийн дуучин Э.Амартүвшин эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй. Түүнийг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр “2018 International Opera Awards’-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшүүлсэн онцлог жил байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дүнгээ танилцуулсан энэхүү наадамд тэрбээр “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшсэн бөгөөд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан билээ. Уг наадам нь дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц юм.

BBC-Д ОНЦЛОГДСОН “ЧИНГИС ХААН” ОДОНТ Г.АРИУНБААТАР

Энэ оны эхээр Английн "Би-Би-Си” Радио 4″ хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар гавьяат жүжигчний тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй нэвтрүүлэг цацагдсан нь Монголын сонгодог урлаг дэлхийн чихийг дэлдийлгээд авсан билээ. Нэвтрүүлэгт МУГЖ Г.Ариунбаатар, түүний гэр бүлийг гаргахдаа Монголын дуурийн дуучид дэлхийн тайзыг эзэгнэх болсон шалтгааныг онцолсон байдаг.

Г.Ариунбаатарыг “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласныг олон нийт андахгүй. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Бельги улсын Брюссель хотноо зохиогдсон АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын соёл урлагийн фестивальд уригдаж, ая дуугаа өргөж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний нулимс” зэрэг дууг дуулсан.  Тэр 23-хан  насандаа “Чингис хаан” одон хүртэж, дэлхийн шилдэг таван дуучны нэгд зүй ёсоор багтсан юм.

“GOLDEN STAR-2018”  ШАГНАЛЫН ЭЗЭН Ч.БАДРАЛ

Энэ оны долдугаар сард дуурийн дуучин Ч.Бадрал Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018”  шагналын эзэн болсон баярт мэдээ дуулдав. Нийт зургаан сар үргэлжилсэн уг тэмцээн дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1,870 дуучин өрсөлдсөн байдаг.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, ахлах ахлагч Ч.Бадрал нь 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм.

МУГЖ ЦОЛ ТЭМДГЭЭР  23 НАСАНДАА ШАГНУУЛСАН О.АНУЖИН

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин 23 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болов. Тэрбээр энэхүү эрхэм хүндтэй цол тэмдгээр Үндэсний их баяр наадмын өмнө энгэрээ цоолсон юм.

О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй.  Түүний хувьд  энэ жил монголд анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход “Гранпри” шагналыг хүртсэн төдийгүй БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байна.

 ТЕНОР Б.БАТЖАРГАЛ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, тенор Б.Батжаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пеньян хотод болсон “Пеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд  дэд байр буюу мөнгөн медальтай ирж, амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан тенор хоолойтнуудын нэг юм.

ДЭЛХИЙН ХОС АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН Э.АНХБАЯР 

Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанаас тэргүүн байр эзэлж, хос алтан медалийн эзэн боллоо. Өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим, алдарт Мариинский театрт болсон дэлхийн аварга шалгаруулах уралдаанд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорьсон.

Э.Анхбаяр Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар оролцож, тэргүүн байр эзэлж, арванхоёрдугаар сарын 24-нд эх орондоо ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж