"Хоол идсэний дараа кола уух нь нойр булчирхай өвддөг хүмүүст хамгийн аюултай"

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

"Хоол идсэний дараа кола уух нь нойр булчирхай өвддөг хүмүүст хамгийн аюултай"

Ходоодны шархлаа, үрэвсэлтэй хүн мөн адилхан спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундаа, кофег хязгаарлах шаардлагатай

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зохимжгүй хооллолтоос үүдэн эрүүл мэндэд учрах эрсдэл болон ходоод гэдэсний хямралаас хэрхэн сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээний хоол зүйч О.Хонгорзултай ярилцлаа.


-Баярын өдрүүдэд хэрхэн зөв зохистой хооллох талаар зөвлөгөө өгөхгүй юү?

Ялангуяа баяр ёслолын үеэр элбэг тохиолддог асуудал бол хоолны хордлого юм. Зохисгүй хооллолтоос болоод ходоод, хоол боловсруулах эрхтний эмгэгүүд үүсэх явдал элбэг. Тиймээс баяр ёслол тэмдэглэхдээ илчлэг ихтэй хүнс нэг дор ихээр идэхгүй байх хэрэгтэй.

Ялангуяа амархан мууддаг өндөг, хиам, майонез болон кремтэй бүтээгдэхүүнийг сонгохдоо сайтар анхаарч хугацааг нь анхаарах ёстой. Тухайлбал, бууз идэхдээ хөнгөн чанарын салат, байцааны юм уу бусад шинэ ногооны салат зэргийг сонгож идвэл зохимжтой. Харин давхар, давхар тослог ихтэй хүнс  хэрэглэхээс зайлсхий.

-Уламжлалт хоол болох бууз, хуушууртай ямар зууш идвэл эрүүл мэндэд тустай байх вэ?

Манай уламжлалт хоол хүнс ч гэлээ эдгээр хоол хүнсийг зохицох хүнсний ногоотой хэрэглэх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн байцаа болон шинэ ногооны салаттай хольж идвэл эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага байна. Учир нь буузыг ногоотой гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолыг амархан шингээж өгдөг.

-Хоолоо тохируулж идээгүйгээс хүний эрүүл мэнд ямар эрсдэлд орох вэ?

-Гол нь хоол боловсруулах эрхтэн ачаалал авч эхэлдэг. Нэг, хоёр хоногтоо хэт хүнд хооллосноор эхлээд ходоод өвдөх, нойр булчирхай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад удаан хугацаанд ийм хэрэглээтэй байвал элэг цөс үрэвсэх гээд бусад олон өвчний эх суурь тавигдах эрсдэлтэй. Дээрээс нь манайхан төмсний салатыг түгээмэл хэрэглэдэг. Баяраар илчлэг өндөртэй хүнсийг нэг дор иддэг. Нэг удаа ч биш айлаар орох бүрдээ идэж байгаа. Мөн дээрээс нь архи спиртийн төрлийн ундаа хэрэглэдэг нь эрүүл зохистой хооллолт биш. Тэгэхээр нэг, хоёр өдрийн дотор л хэт их илчлэг авснаас үүдээд хоол боловсруулах эрхтнүүдэд хүндрэл үүсдэг.

 -Тэгвэл хүүхдүүдийн хооллолтын хувьд юу зөвлөх вэ?

-Баярын үеэр хүүхдүүдэд чихэрлэг зүйлс, хийжүүлсэн ундаа өгдөг. Хүүхдэд хэтэрхий их чихэрлэг амттан өгөхгүй байх нь зөв. Учир нь чихэр их хэрэглэх нь хоол боловсруулах замд сөргөөр нөлөөлж хүүхдийн дархлааг дарангуйлж байдаг. Энэ нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Тэгэхээр хүүхдүүдийн хоолонд аав ээжүүд анхаарах хэрэгтэй.

 –Хүмүүс хоол идсэний дараа хийжүүлсэн ундаа буюу кола, цагаан архи зэргийг уучихвал хоол түргэн шингэдэг гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Эрүүл мэндийн талаасаа энэ хэрэглээ нь зохимжгүй. Мэдээж, нойр булчирхай өвддөг хүмүүст хамгийн аюултай.

Ходоодны шархлаа, үрэвсэлтэй хүн мөн адилхан спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундаа, кофег хязгаарлах шаардлагатай. Зарим үед мах махан хүнс буюу уураглаг хүнд хоол идсэн тохиолдолд хийжүүлсэн ундаа уух нь хоолыг бага зэрэг шингээдэг тал бий. Гэхдээ аль болох хоолоо тохируулж, шингээх хэмжээнд идэж, архи, хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх нь зөв.

Хийжүүлсэн ундааны найрлагад олон химийн бодис орсон байдаг. Сахар их агуулдаг учир илчлэг ихтэй, таргалалт үүсгэх, шүдний паалан гэмтээх, гэдэс дүүргэх, зүрхний эмгэг, яс сийрэгжих, чихрийн шижний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх мэт биед үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс эрүүл хооллолтын зөвлөмжид хийжүүлсэн ундааг зөвлөдөггүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж