Хүүхдүүдээс Санта Клауст итгэдгийг нь асуух бүдүүлэг хэрэг боловч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэтэрхий сониуч зангаасаа болж, долоон настай хүүхдээс ийн асуучихжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай зул сарын өмнөх орой бяцхан хүүхдүүдтэй утсаар ярих уламжлал 1955 оноос хойш тогтсон байна. Д.Трамп, Мелания Трамп нар ч бас энэ жил АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаагаас үл хамааран тус уламжлалыг үргэлжлүүлэн, харилцуурын ард суув.
Харин Д.Трамп долоон настай Колеман гэдэг хүүхэдтэй ярих үеэрээ:
– Чи Санта байдаг гэдэгт итгэдэг үү? Долоон настай юм чинь аль хэдийн үнэнийг мэддэг болсон байх тийм үү? хэмээн асуусан байна. Утсаар ярьж байгаа хүүхэд юу хэлснийг нь мэдэх аргагүй ч Трамп хөгжилтэй нь аргагүй инээжээ. Дараа нь тэрбээр Колеманаас зул сараар юу хийх төлөвлөгөөтэй, хичээл сурлага нь хэр байгааг асуун, зул сарын мэнд хүргээд харилцуураа тавьжээ.
Түүнчлэн Мелания Трамп өөрийн Твиттер хуудсандаа “Сантаг хаана явааг хүүхдүүдэд мэдээлэх нь миний хамгийн дуртай ажил” хэмээн бичсэн байна.
АНУ-ын агаарын хамгаалах хүчин хүүхдүүдэд зориулан Санта Клаус хаана яваа тухай мэдээлэл өгөх тусгай шугамыг зул сараар ажиллуулдаг. Санта Клаусын байршлыг илтгэх тус системд зул сарын баяр бүрээр мянга орчим сайн дурын хүмүүс ажиллаж, хүүхдүүдэд мэдээлэл өгдөг байна.
Зул сарын үдэш АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярьж байгаа хүүхдүүдтэйгээ зул сарын баярын тухай тогтсон асуултын дагуу ярилцдаг бол тэргүүн хатагтай Санта Клаус яг одоо хаана явааг хүүхдүүдэд мэдээлэх ажлыг хийдэг байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ