Зул сарын эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Зул сарын эдийн засаг

Ирэх оны эдийн засаг, санхүүгийн орчны таамаглалууд тийм ч гоё сайхан мэдээ дуулгахгүй байна. ОУВС-гийн уулзалтын үеэр эдийн засгийн огцом өөрчлөлт болох магадлал өндөр байгааг мэдээлсэн. Судлаач, шинжээчид 2008 оноос хойш 10-аад жил өнгөрч, цаг хугацааны хувьд дараагийн хямралын мөчлөг ойртож байгаа гэцгээх юм. Ийм үед Монголын төр, засаг хэрвээ дэлхий дахинаа нүсэр доргилт үүсвэл хэрхэн хохирол багатай туулах вэ гэдгээ л бодоход хүрдэг.  Гэтэл “Уучлаарай, одоогоор энэ талаар бодох сөгөөтэй улстөрч улам ховордож байна”.

ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын активын үнэлгээг хийсэн. Гэтэл өнгөрсөн аравдугаар сард чанаргүй зээлийн хэмжээгээрээ рекорд тогтоолоо. Нийт активын 12 хувь! Шалтгаан нь арилжааны банкуудын зээлийн чанар муу байгаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангах үнэлгээ тааруухан гарсантай холбоотой гэх. Ийм үнэлэмжтэйгээр дараагийн хямралтай нүүр тулбал тун хүнд байдалд орно.

Дээр нь ирэх 2019 он бол “Сонгуулийн өмнөх жил” гэдгээрээ онцлогтой. Хатуухан хэлэхэд улс төр нь эдийн засагтаа дайсагнадаг “сезон”. Зүүний үзэл баримтлалтай МАН-ынхан эрх барьж буй энэ оны жилүүдэд ийм сезоныг яаж давсан түүхүүд тун гашуун төдийгүй холын уршигтай байдаг онцлогтой.

Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Юуны өмнө 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн банкнаас иргэдэд шинээр олгох цалин, тэтгэвэр, хэрэглээний бусад зээлийн хувьд өр, орлогын харьцааг 70 хувиар, хугацааг 30 сараар хязгаарлахаар шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээ нь “хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, банкны салбарт хуримтлагдах эрсдэлийг сааруулах, иргэдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэглээг тогтворжуулах, банкны эх үүсвэрийг бизнесийн салбарт чиглүүлэх эерэг нөлөөг үзүүлнэ” гэсэн тайлбартай. Мөн банкуудын эх үүсвэрийн долларжилтыг бууруулах сэдлийг төрүүлэх, улмаар валютын ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор заавал байлгах нөөцийн шаардлагыг гадаад валютын эх үүсвэрт өндрөөр буюу 12 хувиар, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувиар  тогтоохоор,  зээлийн долларжилт, валютын ханшийн зээлийн чанарт үзүүлэх нөлөө зэргийг хэлэлцэж ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч ярилцлагадаа дурджээ.

Төгрөгөөр олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн оныхоос 26 хувиар өсчээ. Чамлахааргүй өсөлт. Үүний цаана эдийн засагт төгрөгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа хэрэг, мөн мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлснээр бодит эдийн засгийн 6.4 хувийн өсөлтөд хувь нэмэр оруулсан гэжээ. Цаашид юу болох вэ.

Инфляци далласан, гадаад өр төлөлт ихтэй 2019 оныг хэрхэн даван туулах вэ. Юуны өмнө инфляцид хамгийн их нөлөөлдөг нүүрсний экспортын үнэ,, шатахууны үнийн өсөлт болон махны хомсдлын талаар ямар арга хэмжээ авах талаар бараг өдөр бүр ярьж, шийдээд явах байтал шийдвэр гаргах түвшнийхэн ажлаа хийхгүй байна. Улстөржилтөөс болж төрийн ажил гацаж байна. Засгийн газар элэг бүтэн биш, тодорхойгүй нөхцөл байдал дэндүү их боллоо. Эцэст нь хариуцлага тооцох хүн, байгууллага олдох эсэх нь ч эргэлзээтэй энэ нөхцөлд дотоодынхон байтугай гадаадын хөрөнгө оруулагчид дайжих эрсдэлтэй.

Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй гадаад орчны дараагийн нөлөөлөл бол Холбооны нөөцийн банкны бодлогын хүү юм.  АНУ-ын Холбооны нөөцийн банк 2008 оны хямралын дараа тэг хүүний бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол өнөөдөр хүүний түвшинг буцаагаад өсгөж 2.25 хувьд хүргэсэн. Энэхүү бодлогоо АНУ цааш үргэлжлүүлэх, хүүний түвшинг 2019 онд 3 хувь, 2020 онд 3.5 хувьд хүргэхээ зарласан.

Гэтэл манайд валютын нөөцөө зөв удирдаж чадаж байна уу. Хомсдлоос урьдчилан сэргийлэх вакцинаа бэлдсэн үү. Дээрх зохистой бодлогын арга хэрэгсэл үр нөлөөгөө өгөх үү гэхчлэн бүх ачааллыг төрийн байгууллагуудаас зөвхөн Төв банкин дээрээ аччихаад бусад нь улс төр гэдэг үр дүнгүй “ажил” хийж байна.

Гайхамшиг үргэлжилсээр гэдэг шиг Төв банк бодитой мэдээллээр сэрэмжтэй байхыг сануулж, харин улстөрчид эдийн засгийн хөөстэй өндөр өсөлтийг амласаар оргилуун дарс буудуулах амархаан. Харин шинэ оны эхний өдрөөс эхлээд зэс, нүүрсний үнэ рүү бүлтийтэл ширтэж, нүүрс ахиухан үнээр ихээхэн хэмжээгээр аваасай гэж урд зүг рүү харан залбирч, татварыг нь нэмэх шийдвэрээр чөдөр тушаа болсноо эс тооцон алтаа Монголбанкинд тушаахыг уриалан гуйж эхэлнэ. Тойрч болохгүй дайрч гарах арга замууд маань ердөө л энд байдаг.

Нүүрстэй эдийн засаг нүүрээ барсан улстөрчид Монголын ард түмнийг хэрхэн тэжээх учраа олж ядан байна. Төмөр замаа тавихгүй хэрэлдсэний дүнд нүүрсний экспорт энэ онд ч, ирэх онд ч олигтой өсөхгүй нь тодорхой болсон. Эдийн засаг талаасаа эерэг байгаа өнөөдрийн үр дүн дээр “дарамт, дарамт, бас дахин дарамт” л харагдаж байна. Үүн дээр улс төрийн хямралтыг нэмэхээр энэ удаагийн “Зул сарын бэлэг” нь тийм ч тааламжтай байж чадахгүй нь.

Ц.ОРХОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж