Индонез улсын Суматра болон Ява арлын ойролцоо өнгөрсөн Бямба гаригт /2018.12.22/ цунами болж амиа алдсан, бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна. Өчигдрийн байдлаар /2018.12.25/ нас барсан 429, бэртэж гэмтсэн 1459, сураггүй алга болсон 154 хүн бүртгэгджээ. Мөн 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Цунами үүссэн шалтгааныг Анак Кракатоа галт уул идэвхжиж, дэлбэрэлт явагдсаны дараа хөрсөнд чичирхийлэл үүссэнээр далайн усан дор хөрсний нуралт явагдсантай холбоотой хэмээн үзэв. Суматра болон Ява арлын хооронд оршдог Сунда хоолойд байрлах тус галт уулын идэвхжил одоо ч зогсоогүй байгаа бөгөөд дахин дэлбэрч, газар хөдлөлт, цунами үүсгэх аюултай байгаа юм.
Цунамигийн аюул Индонезийн жуулчин ихээр очдог газруудад нүүрлэсэн ч гадаадын иргэд бэртэж гэмтсэн, нас барсан тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.
Түүнчлэн цунамид өртсөн газруудын байшин барилгуудын нуранги доороос цогцос олдсоор байгаа тул цагдаа нар нохой ашиглаж эхэлжээ. Мөн шавар дор орсон цогцсуудыг ухаж гаргахын тулд тусгай багажийг ашиглаж байна.
Индонезийн поп хамтлаг “Seventeen” Бямба гаригийн орой далайн эрэг дээр тоглолтоо хийж байхад нь дөрвөн метрийн өндөртэй, хүчтэй давлагаа ирж, тайзыг нурааснаар хамтлагийн бөмбөрчин, менежер нь амиа алдаж, бусад гурван гишүүн нь ор сураггүй алга юм. Мөн тоглолтыг үзэж байсан олон хүмүүс бэртэж гэмтэн, нас барж, зарим нь мөн сураггүй алга болжээ. /Цунами орж ирж байгаа бичлэг/
ИНДОНЕЗ УЛС НЬ БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЕ ҮЕ ӨРТДӨГ
Индонез улс нь газар зүйн хувьд газар хөдлөлт их болдог “Галын цагариг” хэмээн нэрлэгддэг Номхон далайн геологийн идэвхтэй бүст оршдог. Тус улсад сүүлийн жилүүдэд болсон томоохон байгалийн гамшгуудыг дурдвал:
2004 он Индонезийн Суматра арлын хойд хэсэгт 9.1 баллын газар хөдлөлт болсноос үүдэн Энэтхэгийн далайд хүчтэй цунами үүсч, 14 орны 226 мянган хүн амиа алдсаны тал гаруй хувь нь Индонезийн иргэд байсан.
2005 он Суматра арал дээр дөрөв, тавдугаар сард хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүн амь насаа алдсан.
2006 он Ява арал дээрх Ёгярта хэмээх эртний хот газар хөдлөлтийн улмаас сүйрч, 5500 орчим хүн нас баран, 150 мянган орчим байшин, барилга сүйдсэн.
2006 он Индонезийн хүн ам ихээр суурьшсан Ява арлын өмнөд хэсэгт 6.8 баллын газар хөдлөлт болж, цунами үүссэнээр 700 орчим хүн амиа алдсан.
2009 он Баруун Суматра мужийн нийслэл Падан хотын ойролцоо 7.6 баллын газар хөдлөлт болж, 1100 гаруй хүн үхсэн.
2010 он Индонез улсын Ментаваи олтригийн зарим арлууд 7.5 баллын газар хөдлөлтөд өртөж, 10 метрийн өндөртэй цунами үүсч, олон хот тосгодыг сүйтгэн, 300 хүний амийг авч одсон.
2016 он Цунамиг үүсгээгүй ч хүчтэй газар хөдлөлт нь байшин барилгуудыг нурааснаар 100 гаруй хүн дарагдаж үхсэн.
2018 он Жуулчид ихээр очдог Ломбок арал дээр хүчтэй газар хөдлөлт болж, 500 гаруй хүн нас барсан.
2018 он Палу хотыг дайрсан хүчтэй цунами, газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амиа алдсан.
ОЛОН ХҮН АМИА АЛДСАН НЬ ЦУНАМИГ УРЬДЧИЛАН АНХААРУУЛАХ СИСТЕМ МУУ БАЙГААГИЙНХ
Индонез улс нь газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшигт олон өртөж байсан ч гамшгаас урьдчилан сэргийлэх, анхааруулах системийн хөгжил маш муу байгааг энэ удаагийн цунами харууллаа. Тухайлбал, Бямба гаригт далайн давлагаа ширүүсч, цунами болж эхэлснээс 24 минутын дараа л ард иргэдэд анхааруулах мэдээ хүргэжээ.
Цунами болохоос өмнө тус улсын цаг уурын хүрээлэнгээс Анак Кракатоа галт уул идэвхэжсэнээс үүдэн далайн усан дор хөрсний нуралт үүсч, давлагаа ширүүсэх хандлагатай байгааг анхааруулсан байна. Индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын цунамигийн анхааруулах систем маш муу ажилладгаас болж олон зуун хүн амиа алдлаа хэмээн мэдээлж байгаа юм. Индонезийн Гамшигийн менежментийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус улсад байх цунамигийн анхааруулах систем нь зөвхөн газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамиг л урьдчилан анхааруулах чадалтай аж. Гэвч энэ удаагийн цунами нь далайн усанд доорх хөрсний нуралтаас үүдэлтэй байсан юм. Тиймээс галт уулын дэлбэрэлт болон далайн хөрсний нуралтаас үүдэлтэй цунамиг урьдчилан таамаглаж чадахуйц дэвшилтэт анхааруулах систем шаардлагатай байгаа аж. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо ч бас тус системийг сайжруулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.
Холбоотой мэдээ