"Өнөөдрийн намуудтай хол явахгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

"Өнөөдрийн намуудтай хол явахгүй"

"Өнөөдрийн намуудтай хол явахгүй"

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж нэр бүхий 40 гишүүн чуулганы үйл ажиллагааг бойкотлож байгаа нь улс төрийн зохистой акц мөн үү?

Улс төрийн намууд төлөвшөөгүй, дотоод ардчилал, хариуцлага гэж алга. Ёс зүй, хариуцлагын тухай асуудлыг бүх улстөрчид  ярьдаг байх ёстой. Гэтэл  ёс зүйн хариуцлагын тухай ярьж байгаа хэд нь  албан тушаал өгөх түвшинд ёс зүйг ярьж байна. Энэ нь Монголын улс төр боловсрох болоогүй гэдгийг харуулж байна. Намууд хүнээ бэлдэж чадаагүй нь жишээ. Үзэл суртал, үнэт зүйл, ёс зүй, хариуцлага  хүлээх чадвартай улстөрчийг бэлдэж чадаагүй байна гэсэн үг. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хараад би харамсч байна. Намын дотоод зодоон төрийн ажлыг гацааж байгаа нь маш харамсалтай. Цаашид нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй энэ байдлаар парламент нь чадамжгүй болчихлоо.  УИХ чадамжгүй болсон бол тарах ёстой.

УИХ-ыг чадамжгүй болсныг харуулж байгаа ганцхан үзүүлэлт нь улстөрчдийн ёс зүйгүй үйлдэл.

Мөн улс төрийн намуудын үйл ажиллагаа ил тод олон нийтийн өмнө хариуцлагатай байх атал өнөөдөр эрх мэдлийн төлөө хоорондоо өрсөлдөж,  бүлэглэл болж талцаж байна. Үүний  хор хохирлын төлбөрийг ард түмэн л төлнө. Муугаар хэлбэл, дахин ээлжит бус сонгууль болох байх.  Хоёр талд хүчтэй хуваагдаж, нам дотроо ойлголцож чадахаа байсныг бүгд харж байна. Нам дотроо ойлголцож чадахгүй гэдэг хамтын шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Уг нь улс төрийн нам гэдэг хамтаараа шийдвэр гаргаж, түүнийгээ дагаж мөрдөж, улс төрийн соёлыг хэвшүүлдэг инстутци. Харамсалтай нь, өнөөгийн эрх баригч намд энэ алга. Мөн ялгаагүй АН-д алга.

-Нэг нам олонхи болж байж ажил урагшилдаг гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай ярьж, хэлж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд  МАН  олонх болсон ч хөнжил дотроо хөлөө жийлцэж төрийн ажил гацааж байгааг өнгөрсөн өдрүүдэд илүүтэй харж байна. Хэт олонхи жаргал биш, зовлон авчрав гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Ардчиллын хамгийн гол тулгуур зарчим нь олонх болсон улс төрийн нам нь Засгийн газраа байгуулж ажилладаг. Энэ зарчим дэлхийн бусад улсад  ч бий. Асуудлын гол нь намууд  төлөвшөөгүйд байна. Намууд нь төлөвшчихсөн, улстөрчид нь ёс зүйтэй, хууль тогтоомжоо дагаж мөрддөг байсан бол ийм асуудал гарахгүй. Өөрөөр хэлбэл, намууд, улстөрчидтэй нь  холбоотой асуудал болохоос бус олонх гарч ирснээрээ зөрчил, талцал үүсээд байгаа юм биш. Зарим хүн олонхын зовлон хэцүү гэж ярьж байна. Хэрэв манай улс төрийн намууд эв нэгдэл, шударга ёс, хариуцлагатай,  үнэт зүйлтэй  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зоригтой байсан бол ингэж талцаж хуваагдахгүй байх байлаа.

-УИХ-ын зарим гишүүний шаардаад байгаачлан УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Энэ нь намын дотоод асуудал. УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөх нөхцөл байдал үүссэн үгүй эсэхийг нь би хэлж мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд олонх нь энэ хүнээр удирдуулахгүй гэж үзэж байгаа тохиолдолд сайн дураараа ажлаа өгчих нөхцөл байдал үүссэн л харагдаж байна. Гэхдээ нөгөө тал нь мөн ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүчээр шахаж гаргах гэсэн ёс зүйгүй ийм л үйлдэл харагдаж байна.

-Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүд асуудалд ёс зүйгүй хандаж байна гэсэн үг үү?

-Хоёр тал болж зодолдож байгаа мэт харагдаж байгаа боловч хоёуланд нь эрүүл хүн байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй. Шударга ёсыг урдаа барьж түүчээлж байгааг нь харахад тэд хууль хэрэгжүүлж, шударга байна гэж би олж харахгүй байна. Манай улс төрд нэг зүйл маш тодорхой. Хэн нэгэн нь улстөрч болох эсвэл УИХ-д нэр дэвшээд аз таарвал ялалт байгууллаа гэхэд үр дүн нь дандаа ашиг хонжооны төлөө явдаг. Үнэт зүйл, эрх ашгийн төлөө явж байгаа улстөрч гэж алга. Яаж эрх мэдэлд хурдан хүрэх үү гэдгээ л боддог. УИХ-д сонгогдоно гэдэг нь цаанаа ашигтай болчхоод байгаа учраас л тэд улайраад байна.

-УИХ-ын даргыг огцруулах нь мөн л ашиг сонирхол байна гэж та хэлэх гээд байна уу?

-Магадгүй. Тэгж л харагдаж байна. Бүлэглэл хоорондын ашиг сонирхлын зөрчил явагдаж байна. Засаглалын тогтвортой байдал хэрэгтэй гэж ярьдаг атлаа тогтвортой байдлыг хангахыг хүсэхгүй байгаа улстөрчид олон байна.

-МАН-ын бүлгийн хагарлаас үүдэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байсаар сар орчмын хугацаа болж байна. Шалтгаангүй ажлаа тасалсан гишүүдийн цалинг хасах саналыг УИХ-ын дэд дарга гаргасан. Үүнээс өөр хариуцлагын арга хэлбэр бий юу?

-Улс төрийн хариуцлагыг гурван түвшинд авч үздэг. Үндсэн хуулийн түвшинд, улс төрийн намын тухай хуулиар, мөн ёс зүйн түвшинд гэсэн гурван төрлөөр хариуцлага тооцдог. Үндсэн хуулийн түвшинд бол тухайн намыг татан буулгах тухай асуудал яригдана. Улс төрийн намын тухай хууль Үндсэн хуульд заасан хэм хэмжээ, үүргээ гүйцэтгэж байна уу, үйл ажиллагаагаа ил тод тайлагнаж байна уу гэдэг хүрээнд хариуцлага тооцдог. Мөн нам болон улстөрчдөд сонгогчид сонгуулиар хариуцлага тооцдог. Ёс зүйн түвшинд гэвэл бие биедээ хариуцлага тооцдог.  Өнөөдөр улстөрчдийн үнэлэмж шалан дээр уначихсаныг харуулж байна. Хэн ч тэдэнд итгэхгүй болчихсон. Улс төрийн намуудын нэр хүндийг хурдан сэргээхгүй бол өнөөгийн улстөрчид, намуудтай цааш хол явахгүй.

Улс төрийн намуудын юуг, яаж өөрчлөх ёстой  вэ?

– Улс төрийн намын тухай шинэ хууль маш яаралтай баталж, намуудад тэс өөр бүртгэл, зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилтийн тогтолцоог нь тусгаж өгөх шаардлагатай. Одоогийн МАН, АН,  парламентад суудалгүй бусад нам Монголыг хорлоно уу гэхээс биш аврахгүй гэдэг нь нэгэнт илэрхий болсон. Ерөнхий сайд нь багаа тоглох чадвартай эсвэл нөлөө бүхий лидерүүд нь хариуцлага хүлээх чадвартай ийм соёлыг Монголын улс төрд төлөвшүүлэхгүй бол болохгүй нь ээ.

-Хуульч А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэг нь МАН-ыг татан буулгах хууль зүйн  хангалттай үндэслэл гэж дурдсан. Улс төрийн намын дотоод маргааныг шүүх авч хэлэлцэх боломжтой юу?

-Одоогийн хуулиар боломжгүй.  Намууд дотоод асуудлаа өөрсдөө л шийднэ. Харин намын дотоод маргаан бус Үндсэн хуулийг зөрчсөн асуудалд татан буулгах тухай асуудлыг ярьж болно. Монголд өнөөдрийг хүртэл маш олон улс төрийн нам байгуулагдаж, цаашлаад эвлэлдэн нэгдэж байсан тохиолдол олон бий. Гэвч татан буугдаж байсан нам Монголд байхгүй.

-УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрохгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэж нэр бүхий таван гишүүн өчигдөр /2018.12.25/ мэдэгдсэн. Нэг хүнийг албан тушаалаас нь огцруулахын тулд олон нийтийг үймээнд самуунд уриалан дуудах нь хэр зохистой юм бэ?

-Зохистой хувилбар гэж би хувьдаа үзэхгүй байна. Энэ нь өөрөө нам доторх асуудал гэдгийг дахин хэлье. Намын дотоод асуудалдаа гаднаас дэмжлэг авч өөрсдөдөө оноо авах нь сайн зүйл биш. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа нь харамсалтай. Ялангуяа хоорондоо ойлголцож чадахгүй байгаа ийм нөхцөлд бусдыг өдөөн турхирах хэлбэр рүү оруулж магадгүй. Хашрахгүй байна л даа. Долдугаар сарын үймээн бас л ийм шалтгаанаас болсон. Шагналд нь таван хүний амь насыг өгсөн. Иргэдийн улс төрийн оролцоог дэмжих нь зөв ч гэлээ нөгөө талаар захиалгат, өдөөн турхирсан оролцооноос иргэд татгалзах улс төрийн соёлтой байх ёстой.

-Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

-Нэгдүгээрт нам дотроо ойлголцож тайван замаар асуудлаа шийдвэрлэх нь  хамгийн зөв гарц. Хоёрдох гарц нь дээр хэлсэнчлэн нэн яаралтай Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Бид энэ бүхнээс нэг л  зүйлийг харлаа. Улс төрийн намууд бүгд хууль зөрчиж байгаа. Хуулийг муу ч гэсэн дагаж мөрддөг улс  төрийн нам гэж байхгүй. Тэдэнд хуулийг мөрдөх хүсэл сонирхол ч алга.

Талцал хуваагдал нь хэрээс хэтэрсэн эрх баригч намд Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх чадамж бий гэж үү?

-Чадамжгүй. Олонхын дэмжлэг, шахалт хэрэгтэй. Иргэд  бүх талын оролцооны хэлбэрээрээ дамжуулж илэрхийлбэл их сайн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж