УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр төрлийн дэг бий. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3-10.7-д заасан дэг байна. Энэхүү дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:
- Нас барсан;
- Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;
- Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
- Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.
Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ таван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө. Асуудлыг хэлэлцэх асуудлаас хаслаа гэж тодотгосон юм.
Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, чөлөөлөх хууль заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзээд асуудлыг хэлэлцсэнгүй. УИХ-ын даргын байнга хэлж байгаа “Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй” гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна. Тиймээс хууль бус шаардлага тавьсан гишүүд шаардлагаа буцааж авах, УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу сонгогдсон парламентын спикерийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, улмаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах боломж бүрдэж байна.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Учир нь, сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийн сонгогдох эрхийг зөрчсөн байна хэмээн тайлбарлаж буй. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгууллатын байнгын хорооноос Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг хэлэлцсэн юм. Уг төсөлд "Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөнө" гэсэн заалт оруулжээ. Энэхүү саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Холбоотой мэдээ